Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зөвшөөрөгдсөн 15 салбарын ажилтан, албан хаагчид QR кодоор зорчихоор болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид эсэргүүцлээ илэрхийлж, яаралтай үед автомашины тусгай зөвшөөрлөөр зорчих боломжгүй байна гэж шүүмжлэх болсон.
Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас цагдаагийн байгууллагд хүсэлт тавьсаны дагуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд QR кодгүй, цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцохоор болжээ. Энэ тухай ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг төрөлжсөн мэргэшлийн төв, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудад хүргүүлсэн албан бичигт “Цагдаагийн ерөнхий газрын удирдлагатай тохиролцсон ёсоор нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг QR кодгүй, ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтод үндэслэн цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулахаар болсныг үүгээр мэдэгдье” хэмээжээ.