Л.Баттөр: Тохиолдлын тоо, нас баралтын тоог үндэслээд хөл хорионы хугацааг дахин сунгах санал тавьж байгаа

Ковид-19 халдварын тархалт сүүлийн үед эрчимжиж, өдөрт бүртгэгдэх дохиолдлын тоо 700, нас баралт хоёроос буурахгүй байгаа. Үүнд мэргэжлийнхэн буюу ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны багийнхан сэтгэл зовинож буйгаа илэрхийлж, дорвитой арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал улам хүндрэнэ гэдгийг хэлж буй юм. Тэгвэл өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөрийн “Eagle news” телевизэд ярилцлага өгсөн. Энэ үеэр тэрбээр:

-Одоо бидэнд бодит аюул тулаад ирэхээр ард иргэд маань ойлгож байна. Өдөрт 10-20 тохиолдол гардаг байсан бол одоо 1000 гарахаар эмнэлгийн тусламж үйлчилгээ оройтож байгаа. Ойр хавьтал болсон зарим хүнд  эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэхээр хүргэж чадахгүй, амжихгүй байна. Тиймээс дүүргийн эмнэлгүүдийг халдвар илрүүлэх, эмчлэх үйл ажиллагаанд татан оролцуулж эхэлсэн. Тохиолдлын тоо оргил үедээ хүрснээс хойш 14-21 хоногийн дараа хүндрэлүүд нь илэрдэг. Тэгэхээр магадгүй хөл хорио дуусах үед нас баралтын тоо оргил хэмжээнд хүрэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ нас барьж байгаа хүмүүс маань архаг, суурь өвчтэй хүмүүс байгаа. Коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийг задлан шинжилгээнд оруулахгүй гэсэн дүрэм журамтай. Тиймээс тэр хүмүүс яг халдвараасаа болоод нас барав уу, эсвэл архаг суурь өвчин нь нөлөөлөв үү гэдгийг нарийн тогтоох боломжгүй байгаа.

ХӨСҮТ, ЭМЯ анхнаасаа 28 хоногийн хөл хорио тогтоох саналтай байсан. Хөл хорио тогтоохгүйгээр халдварын тархалтыг зогсоох ямар ч боломжгүй гэдгийг ард иргэд маань ойлгох хэрэгтэй. Бид тохиолдлын тоо, нас баралтын тоог үндэслээд хөл хорионы хугацааг сунгах санал тавьж байгаа.