Коронавирусийн халдвараар өвчлөгчдийн тоо эрс нэмэгдэж, хоногт 1200 гаруй тохиолдол бүртгэгдэх болов. Мөн нэн хүнд өвчитнүүдийн тоо эрс нэмэгдсэн нь эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлээд байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс 28 хоног буюу коронавирус халдварын 2 нууц үеийн хугацаанд бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох саналыг гаргасан. Нөхцөл байдлыг үнэлж, тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх саналыг гаргасан. Өдгөө хэдийгээр хөл хорио тогтоосон ч ойрын хавьтал болсон, халдварын нууц хугацаандаа байсан иргэдийн илрүүлэлт их хэмжээгээр гарч, өдөр тутам тохиолдлын тоо өсч байгаа. Дараагийн 10 хоногт нөхцөл байдлын үнэлгээ хийнэ. Тэр дундаа тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотой хөл хорионы төгсөлд нас баралт нэмэгдэх магадлалтай. Иргэдэд нөхцөл байдлын талаар мэдээллэх нь зүйтэй гэж бодож байна.
Хэрэв хөл хорионы төгсгөлд тохиолдлын тоо буурахгүй, нас баралт нэмэгдвэл дараа дараагийн арга хэмжээг авахаас өөр зайлшгүй шаардлага үүснэ.
Өнөөдөр тохиолдлын тоо 1220 гарсан нь халдварын нууц үедээ байсан хүмүүсийн шинжилгээний хариу гэж ойлгож болно. Хэдийгээр бүх нийтийн хөл хорио хумигдсан ч гэр бүлийн хүрээнд халдвар авч байгаа байдал хэвээр байгаа. Магадгүй халдварын нууц үедээ байсан хүмүүс халдварыг тарааж байхыг үгүйсгэх аргагүй" гэлээ.