ХӨҮСТ-ийн тархавар судлаач Э.Тэмүүлэн дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр:
ХӨСҮТ-өөс халдварын тохиолдлын тоог байнга хянаж яваа. Өчигдрийн байдлаарх тархвар судлаачдын тооцооллоор А гэдэг нэг халдвартай хүн цааш дунджаар 1.3 хүнд халдвар тарааж байна. Энэ тоо нэгээс их байна гэдэг халдвар цаашаа өргөжин, илүү тархаж буйг илэрхийлж байгаа юм. Хэрвээ 1.3-т үндэслээд яаралтай арга хэмжээ авахгүй бол ердөө долоо хоногийн дотор тохиолдлын тоо 1,000-аас дээш гарах магадлал маш өндөр болсон.
Бусад улсын жишиг, олон улсын байгууллагуудын зөвлөмжөөс харахад халдварын тархалтыг хумьж чадах хамгийн үр дүнтэй гол арга бол хатуу хөл хорио юм. Хүн амын дунд халдвар өргөн тархсан үед бид хэчнээн хүний нөөцөө нэмж, тандалтаа сайжруулж, ардаас нь хөөсөн ч яагаад ч гүйцэхгүй. Хамгийн баян улсууд ч ингэж чадахгүй байгаа.
Маш хурдан хугацаанд хөл хорио тавихгүй бол олноор илэрч байгаа тохиолдлуудын эмнэлэгт хэвтэх, хүндрэх нас барах тохиолдлууд 2-3 долоо хоногийн дараагаас харагдаж эхэлнэ. Ийнхүү халдварын тоо торойж гарсан өдрөөс хойш 2-3 долоо хоногийн дараа нас баралт, хүндрэлүүд харагддаг зүй тогтолтой юм. Сүүлийн өдрүүдэд нас баралт ихсэж байгааг та бүхэн харж байгаа байх. Аль болох хүмүүсийг хүндрүүлэхгүй, нас баруулахгүйн тулд яаралтай арга хэжээгээ авах шаардлагатай байна.
Бүхий л жишгээс харахад халдварын гинжин хэлхээг таслахад дор хаяж 28 хоног буюу халдварын хоёр нууц үеийн хугацаагаар хорьж байж халдварын тархалтыг бодитоор хумих боломж гарч ирнэ. Дотоодод халдвар гарснаас хойш манай улс гурван удаагийн хатуу хөл хорио тавьсан. Эхнийх нь маш их үр дүнтэй болж, халдварыг хумиж чадсан ч харамсалтай нь дараагийн хоёр хөл хорионы хугацаа богино байсан болохоор халдварын гинжин хэлхээ тасрахгүй, хорионы дараа халдвартай хүмүүс их гарч ирсэн.
Нийгэмд халдварын тоо огцом нэмэгдэж, геометрийн прогнозоор өсөж яваа бодит байдал бидэнд харагдаж байна.
Маш олон улсад халдвараас болж хүмүүс хэдэн зуу, хэдэн мянгаараа нас барж, хайртай дотнын хүмүүсээсээ хагацаж байна. Саяхныг болтол бид сайн барьж чадсан, цөөн нас баралттай байсан ч энэ туршлагаа хадгалж үлдэж чадсангүй. Одоо нас баралтаа багасгахын тулд яаралтай арга хэмжээ авч хөл хорио тогтоохгүй л бол байдал маш хүнд болно.
Яг одоогийн нөхцөл байдал гэвэл эрчимт эмчилгээний орнууд дүүрч оргүй болж байна. Мөн эрчимт эмчилгээгээр мэргэшсэн хүний нөөц нь туйлдаж, ядраад хязгаарлагдмал болж байна. Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо ихсэх тусам нэг хүнд тавих эмчилгээ үйлчилгээний чанар муудна, анхаарал суларна, орхигдох хүмүүс ихэснэ. Гэрээр хөнгөн гэж үлдэж байгаа хүмүүст тавих хяналт суларна. Тэр хэмжээгээр хүмүүс өвчнөө хүндрүүлж эмнэлэгт ирэхэд эрчимт эмчилгээний ор байхгүй, эрчимт эмчилгээний эмч ч олдохоо болино.
Гадаадад болж байгаа үйл явдал болох эрчимт эмчилгээний ор хүлээж байх зуураа нас барж байгаа аймшигт тохиолдлууд Монголд давтагдахаас урьдчилж сэргийлмээр байна.
Вакцинжуулалтыг эрчимтэй хийж буй энэ үедээ хатуу хөл хорио тавьж байж халдварын голомт тархалтыг сааруулан, хумиж чадвал вакцинжуулалтын үр дүн гарна.
Вакцинжуулалт хурдтай хийгдэж байгаа нь сайн хэрэг ч үүнтэй зэрэгцээд халдвар маш хурдтай тархаж байна. Энэ хэвээрээ байвал вакцинжуулалтын үр нөлөө маш бага гарна. Жишээ нь, Израиль улс вакцинжуулалтаа маш эрчимтэй хийгээд хажуугаар нь хөл хориогоо сайн тавьсны үр дүнд нийгэм нь бараг хэвийн байдалдаа орчихоод байна. Гэтэл Чех улс яг адилхан вакцинжуулалтаа эрчимтэй хийсэн боловч бүх юмаа нээснээс болоод одоо эргээд хатуу хөл хорио тавихад хүрсэн" гэжээ
Эх сурвалж. ХӨСҮТ