Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрдмийн чуулган-63” Анагаах ухааны Эмнэлзүйн салбарын хуралдаан 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 09:00-15:00 цагт цахимаар (Zoom Webinar) зохион байгуулагдана.
Эмнэлзүйн салбар хуралдаанд 190 эрдэм шинжилгээний илтгэл, 65 эмнэлзүйн ховор тохиолдлуудаас шалгарсан бүтээлүүд болон олон улсын импакт фактор бүхий сэтгүүлд судалгааны үр дүнгээ хэвлүүлсэн эрдэмтдийн бүтээлийг хэлэлцэх юм байна.
“Эрдмийн чуулган-63”-д Зочин илтгэгчээр Монгол Улсын Их Сургуулийн Физикийн тэнхимийн эрхлэгч, физик математикийн ухааны доктор, дэд профессор Д.Улам-Оргих “Монгол Улс дах КОВИД-19 цар тахлын тархалтын динамик, хандлага”, АНУ-ын Лос-Анжелесийн Хүүхдийн эмнэлгийн Халдварт өвчин судлалын тэнхимийн КОВИД-19 вакцин судлалын багийн гишүүн, профессор Пиа Паннараж “КОВИД-19 вакцины талаар та юу мэдэх хэрэгтэй вэ?” сэдвээр уригдан оролцож судалгааны ажлын үр дүнгээс танилцуулна. Мөн АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн эрдэмтэн багш, эмч нарын оношилгоо, эмчилгээний практикт шинээр нэвтрүүлж буй дэвшилтэт технологи, инновацийн тухай танилцуулна.
Эрдмийн чуулганы хуралдаанд цахимаар оролцох линкийг АШУҮИС-ийн албан ёсны цахим хуудас www.mnums.edu.mn -аас авна уу.
Хурлын веб линкээр (https://sites.google.com/mnums.edu.mn/erdmiinchuulgan63) бүртгүүлэн цахим шуудангаараа дамжуулан хурлын холбоосыг авч идэвхитэй оролцохыг урьж байна.
Зохион байгуулах комисс