ЭМЯ: СҮҮЛИЙН 24 ЦАГТ 437 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

ЭМЯ-аас ковид-19 халдварын нөхцөл байдлын талаархи ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн халдвар өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

-Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 14936 хүний сорьцод шинжилгээ хийж, нийт 437 хүнээс Covid-19 илэрлээ. Үүнээс Улаанбаатарт 370, орон нутагт 67 тохиолдол бүртгэгдээд байна. Өчигдөр 106 хүн эмнэлгээс гарч эдгэрсэн хүний тоо 4150 хүрлээ. Улсын хэмжээнд Covid-19 халдварын улмаас 1462 хүн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал:

  • хөнгөн-1243,
  • хүндэвтэр-194,
  • хүнд найм,
  • маш хүнд долоон хүн байна. 

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

-Өнөөдрийн байдлаар 92 баг 644 эмч, мэргэжилтнүүд улсын хэмжээнд ажиллаж, сүүлийн 24 цагт 11560 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа. Ингэснээр нийт 256922 хүн вакцинд хамрагдаад байна.

Одоогоор 50-аас дээш насны бүх хүмүүсийг вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байгаа. 50-аас дээш насны иргэд аль ч цэгт очиж дархлаажуултад хамрагдах боломжтой гэсэн юм. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын зөвлөх А.АМБАСЭЛМАА "Эрсдэл өндөр байгааг ард иргэд маань сайтар тооцоолох хэрэгтэй. Ялангуяа нийслэл хотод хүн амын өргөн тархалттай цар тахлын халдвар тархаж байна. Аймгуудын хувьд нийслэлийн өмнөх үе шат шиг зөөвөрлөгдсөн кластер тохиолдлууд олноор нэмэгдэж байна. Орон нутгийн хэмжээнд хариу арга хэмжээг маш шуурхай авах шаардлагатай байна. Техник, лабораторийн асуудал мөн дутмаг байна. Өвчтнүүдийн 90 орчим хувьд хөнгөн хэлбэрийн халдвар илэрч байгаа нь манай улс тэр дундаа голомтод ажиллаж байгаа мэргэжилтнүүд эмнэлзүйн менежментийн арга хэмжээг маш сайн авч ажиллаж байна гэж бодож байна. Халдвартай иргэдийн маршрутаас харахад олон нийтийн газар болон үйл ажиллагаанд хамгийн их орсон хүмүүс нь өөрт болон өрөөлд халдвар тархаах эрсдэлийг бий болгож байна" гэсэн юм.

Сүүлийн 24 цагт орон нутагт батлагдсан тохиолдол:

  • Дархан-Уул аймаг- 6
  • Орхон- 18
  • Дорноговь- 3
  • Төв аймаг- 26
  • Хөвсгөл- 5
  • Өвөрхангай- 3
  • Хэнтий- 6 байна.

Ингэснээр Сэлэнгэд нийт 217, Дархан-Уул 75, Орхон 46, Дорноговь 37, Говьсүмбэр дөрөв, Архангай зургаа, Завхан долоо, Төв 57, Хөвсгөл 21, Увс хоёр, Өвөрхангай 30, Баянхонгор нэг, Хэнтий зургаа болж одоогийн байдлаар 13 аймагт Covid-19 халдвар батлагдаад байна.