Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзсан. Энэ үеэр ЭМ-ийн сайд С.Энхболд дархлаажуулалт орон даяар ийнхүү идэвхтэй хийгдэж байгаа ч коронавирусын тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж буйгаа мэдэгджээ.
Тэрбээр хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа хэлсэн. Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш их өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой. Зориулалтын 1,700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай. Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нас баралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож халдварын тархалтыг бууруулах ёстой гэжээ.