ЭМЯ, ХӨСҮТ-өөс Коронавирус халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:
-Өчигдөр нийт 19318 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 169 хүнээс халдвар илэрлээ. Шинээр бүртгэсэн тохиолдлуудын 156 нь ойрын хавьтал байна. Улаанбаатар хотын нийт өвчлөл 2958 боллоо. Сүүлийн 24 цагт 48 хүн эмчлэгдэж гарлаа. Халдвартай нь тогтоогдсон иргэдийн 156 нь өмнөх халдварын ойрын хавьтал бол 13 тохиолдлын халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Биеийн байдал нь нэн хүнд хүний тоо 6, хүн хүн 42 болж өссөн. Дархлаажуулалт хийж эхэлснээр иргэдийн хөл хорионы дэглэмээ сахих байдал алдагдаж байгаа. Та хоёр дахь тунгаа хийлгэсний дараа л танд дархлаа тогтоно" гэсэн юм.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:
-44 цэгт 97 багийн 600 орчим эмч сувилагч дархлаажуулалтыг хийж байна. Одоогоор манай улс хамрагдах ёстой иргэдийнхээ 12 хувьд нь хүрэлцэх хэмжээний вакцин хүлээж авсан. Вакцин тариулсан нийт хүн амын 48 хувьд нь халуурах шинж тэмдэг илэрч байна. Мөн толгой өвдөх гэх мэт зовуур гарч байна. Эдгээр шинж тэмдэг гурав хоногоос удаан үргэлжилбэл өрхийн эмнэлэгтээ хандаарай. Түүнчлэн эхний тун хийсэн хүмүүс хоёр дахь тунгаа товлосон хугацаанд хийлгэнэ. Хоёр тунгийн хооронд дахь зай ялгаатай байгаа. ДЭМБ-аас ирүүлсэн зааврын дагуу АстраЗенека вакциныг тариулсан иргэн 8 долоо хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэнэ. Тухайн вакцинаас хамаарч хоёр дахь тунг хэзээ хийх нь өөр өөр байна. Эхний тунгаа тариулсны дараа таны гар утсанд дараагийн тунг хийлгэх огноог танд мессежээр илгээсэн байгаа." гэв.
Мөн өнөөдрөөс эхлэн шинжилгээ өгсөн хүмүүсийн хариуг тухайн иргэний гар утас руу мессежээр илгээхийг зогсоосон. Иймд шинжилгээ өгсөн иргэд хариугаа eruul.gerege.mn сайтаас өөрсдөө авах хэрэгтэй гэдгийг онцолсон бөгөөд шинжилгээ нь эерэг гарсан болон тухайн үед халуурч буй иргэнд вакцин тарихгүй. Халдвар аваад нууц үедээ байгаа иргэнд вакцин тарьвал ямар нөлөө үзүүлэх талаарх судалгаа одоогоор байхгүй гэдгийг онцолсон юм.