Монгол Улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг маргаашнаас эхлүүлнэ. Эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэхээр болоод байгаа.
Салбарын яам эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид, өндөр настан, суурь өвчтэй хүмүүсийг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хоёр тун тарих юм. Цар тахлын эсрэг вакцинууд ихэнхдээ зургаа, түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байгаа нь батлагджээ.
Энэтхэгээс эхний ээлжийн вакцин өнөөдөр газардсан. Өнөөдөр орой дараагийн ээлжийн вакцин ирнэ. Тэгвэл уг вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй байхад Монгол Улсын хилээр оруулж, ирж хадгалж байгаад хэрэглэх нь хэр зохистой талаарх сэтгүүлчийн асуултад Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Монгол Улсын эмийн бүртгэлд орсон. Зөвшөөрөлгүй эмийг дархлаажуулалтад ашиглана гэж хэлээгүй. ДЭМБ вакциныг ээлж дараатайгаар зөвшөөрөл олгож байгаа. Урд, хойд хөршийн вакциныг дэлхийн бусад оронд хэрэглэж байгаа. Вакцин татан авалтын ажил үргэлжилж байна гэж ойлгох хэрэгтэй. Нийлүүлэлт буюу вакцин бэлэн байдалд байх ёстой. Маргаашнаас дархлаажуулалтын ажил эхлэхэд вакцинаа татан аваагүй, бэлтгэл хангаагүй байж болохгүй гэсэн үүднээс вакциныг төрлийг бэлдэж, бэлэн байдлаа хангаж байна. Түүнээс биш ямар нэгэн хууль зөрчөөгүй" гэлээ.
ДЭМБ энэ сард Moderna, ирэх сард БНХАУ-ын Shinopharm вакциныг баталгаажуулах эсэхээ шийдвэрлэх юм байна.
Иргэдийг вакцин хийхийг улсаас албадахгүй. Мөн дархлаажуулалтад хамраагүй бол гэх байдлаар хориг тавихгүй гэнэ. Мөн вакцины сонголттой байх зарчмыг Засгийн газраас баримталж байгаа аж. Харин хилийн дээс алхахад буюу гадаад явахад вакцины сертификат зарим улс орон шаардаж байгааг тодотголоо.
Иргэн вакцинд хамрагдахын өмнө эмчид үзүүлэх шаардлагатай. Хэрэв үрэвслийн өвчтэй эсвэл халуунтай бол дархлаажуулалтад хамрагдахгүй юм. Мөн өөр төрлийн вакцин хийлгээгүй байх ёстой. Хэрэв эхний тунг хийлгэсэн бол 28 хоногийн дараа дараагийн тунг заавал хийлгэх учиртай. Бүтэн тун хийлгэж байж дархлаа тогтоно гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас онцоллоо.
Ямар ч вакцин хариу урвал өгөх нь бий. Толгой өвдөх, дотор муухайрах, хоолонд дургүй болох нь бий аж. Тиймээс вакцин хийлгэсэн газраа хэдэн минут байхыг зөвлөлөө.
Халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлал үүсгэдэг бэлдмэлийг вакцин гэнэ. Ковид-19-ийн эсрэг вакцин нь халдвараас сэргийлэх, тархалт, хүндрэл эндэгдлийг бууруулах зорилготой. Вакцины үйлдвэрлэл, төрлөөс шалтгаалан тодорхой товлолоор хийдэг. Тухайлбал: Pfizer-BioNTech Ковид-19 вакциныг 18-аас дээш насныханд 21 хоногийн зайтай 0,3 мл хоёр тунг хийлгэнэ.
ДЭМБ-аас гаргасан вакцины зорилтот бүлэг:
- • Эрүүл мэндийн байгууллагын ажилтан
- • Халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан
- • 50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд