ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээллээ өглөө. Албанынхны мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 32 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс БЗД-т 6, БГД-т 14, СБД-т 1, СХД-т 6, Чингэлтэй дүүрэгт 3 илэрчээ.
Түүнчлэн энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал тайлбар өгсөн. Тодруулбал, Нийслэлийн "Өргөө" амаржих газарт амаржаад удаагүй эхээс коронавирусийн халдвар илэрч, улмаар ХӨСҮТ-рүү нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсан. Ингэхдээ дөнгөж амаржсан эхийг гэрийн халад, тавчигтай нь хүйтэн машинд оруулж байгаа бичлэг цацагдаж, олны бухимдлыг хүргэсэн. Энэ асуудлаар тэрбээр "Нэгдүгээр төрөхөд төрсөн эмэгтэйг халдвартай гэдгийг тодорхойлоод тусгаарлах өрөөнд оруулж, хувцсыг нь өмсүүлж, нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт хүргэдэг Эрүүл мэндийн сайдын баталсан дүрэм журмыг мөрдөхгүйгээр дөнгөж амаржсан эхэд гадуур хувцас өмсөхгүй, хүүхдийг нимгэн өлгийтэйгээр зөөвөрлөж тээвэрлэсэн асуудал гарсан. Энэ бүх арга хэмжээнд газрын удирдлагууд, энэ эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүс өвчтөнийг хэрхэн шилжүүлэх, амаржих газарт өвчтөн шилжүүлэх бүх дүрэм журмыг зөрчсөн. Нэгдүгээр эмнэлэгт халдвартай өвчтөн тусгаарлах өрөө бий. Тэр өрөөнд байхад нь тухайн эмэгтэйд дулаан хувцсыг өмсгөх боломжтой байсан. Шилжүүлж байгаа болон авч байгаа эмнэлгийн ажил хариуцаж байгаа хүмүүс энэ асуудал сэтгэл гаргаж ажиллах бүрэн боломжтой байсан. Энэ асуудалд тухайн эмнэлгүүд тун хариуцлагагүй хандсан. Эрүүл мэндийн яамны зүгээс тухайн эмэгтэй болон гэр бүлээс нь уучлалт гуйж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилчдын сэтгэлгүй байгааг харуулж байна. Тиймээс хариуцлага тооцож ажиллана. Нийслэлийн өргөө амаржих газар бол харьяаллын дагуу нийслэлийн харьяа байгууллага учраас ЭМ-ийн сайд хариуцлага тооцох боломжгүй. Тиймээс Нийслэлийн Засаг даргад Өргөө амаржих газар болон НЭМГ-ын даргад хариуцлага тооцох талаар албан тоотыг Эрүүл мэндийн сайд хүргүүлсэн. Мөн Эрүүл мэндийн сайд өөрт оногдсон эрхийнхээ хүрээнд амаржсан эхийг хүлээн авсан ХӨСҮТ-д шууд хариуцлага тооцож ажиллахаар болсон" гэсэн юм.