ХӨСҮТ: Архаг хууч өвчтэй, коронавирусийн халдвараар өвчилсөн нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.01.04-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд аймгийн салбар лабораторид 11580 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 22 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 22 тохиолдол бүртгэгдлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой 12, өвчилсөн сувилагчийн гэр бүлтэй холбоотой 4, бусад голомтуудын ойрын хавьтал, тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Улаанбаатарт нийт 491 тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 817 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 5 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1308 боллоо. Үүнээс 884 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 413 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

Маш хүнд 3

Хүнд 12

Хүндэвтэр 126

Хөнгөн 272 хүн байна.

Мөн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зүрхний архаг дутагдалтай, зүрхний хэм алдагдсан гэсэн оноштой архаг хууч өвчтэй хүн эмчлүүлж байгаад коронавирусийн халдвараар өвчилжээ. Иймээс 76 настай эрэгтэйг ХӨСҮТ-д хүргэсэн байна. Улмаар ХӨСҮТ-д эмчлүүлж байхдаа 5 дахь өдөртөө нас баржээ. Өмнө нь мөн архаг хууч өвчтэй байсан нэг хүн нас барсан билээ. Талийгаач коронавирусийн халдвараар өвчилсөн байсан гэсэн юм.