А.Амбасэлмаа: Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан 2 хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.12.16-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 10.599 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 5 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатарт 5 тохиолдол нэмэгдсэн. Үүний 3 нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн хүмүүс байна. Үлдсэн 2 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хүмүүсээс халдвар илэрсэн. Эмнэлэгт хэвтэхдээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу сөрөг гарсан. Эмнэлэгт хэвтээд 4-5 хоногийн дараа хийсэн давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Халдварын нууц үедээ эмнэлэгт хэвтсэн гэсэн үг.

Эх уурхай нь тодорхойгүй өвчлөл бүртгэгдэх нь бий.

18.00 цагаас хойш ажиллаж батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 69 хүнийг тусгаарласан. Түргэвчилсэн болон PCR шинжилгээг хийлээ. 169 хүнд халдвар илрээгүй байна. Үргэлжлэн танадалт судалгаа хийгдэж байна. Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 145 боллоо.

Сүүлийн 24 цагт Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 470 тохиолдол бүртгэгдсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 923 боллоо. Үүнээс 384 хүн буюу 49.8 хувь нь эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 530 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 3
  • Хүндэвтэр 45
  • Хөнгөн 481 хүн байна.