ЭМЯ: Ковид-19-өөр өвчилсөн хүний тоо өмнөх өдрөөс 21 -ээр нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:  

-Тэрбээр "Коронавирусийн халдвар дэлхийн 218 улс бүс нутагт бүртгэгдэж, 54.7 сая хүн өвчилж, 1.2 сая хүн эндээд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 456.000 хүн шинээр халдвар авч, 6800 хүн эндсэн байна. Өмнөх өдөртэй харьцуулбал өвчлөл 72.000 хүнээр, эндэгдэл 982 хүнээр буурсан үзүүлэлт юм. 

Манай улсын хувьд батлагдсан тохиолдол 455 боллоо. Өмнөх өдрөөс 21 тохиолдлоор нэмэгдлээ. Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Говьсүмбэр аймагт халдвар бүртгэгдлээ. Иймээс өндөр сонор сэрэмжтэй, анхааралтай байх хэрэгтэй. Иргэн бүр өвчин авах эрсдэлтэй. Гэртээ хүртэл хүн хоорондын зай барих шаардлага үүсч байна. Иймээс гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй.

Түргэн оношлогооны цэгт 9200 гаруй хүн шинжилгээ өглөө. ЗӨСҮТ шинээр гарсан голомтууд болох 29 газар эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ" гэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

-2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул,Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнээс вирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад Covid-19-ийн нийт батлагдсан 455 тохиолдол болж,  329 хүн нь эдгэрсэн. Нийт 310 хүний ажиглалт хяналтын хугацаа дуусч,  сувиллын ажиглалтад 17 хүн, гэрийн ажиглалтад хоёр хүн байна. Нутаг буцсан долоон хүн байна" гэв.

Эрүүл мэндийн яамны тусгай дугааруудад 7239 иргэн хандаж, мэдээлэл, зөвлөгөө авчээ.