Хэнтий аймагт 2 хүнээс түргэвчилсэн оношлуулаар Сovid-19-ийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарч, хатуу хөл хорио тогтоолоо

ЭМЯ-аас 11:00 цагт хийсэн мэдээллийнхээ үеэр гурван хүнээс КОВИД-19 халдвар илэрсэн тухай мэдээлсэн. Ингэхдээ ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбалсэлмаа "Арваннэгдүгээр сарын 15-нд нийт 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 26-нд чартераар ирсэн хүний давтан шинжилгээнд, мөн "Энхсаран" сувиллын үйлчлэгчээс халдвар илэрсэн. Жолооч Д-гийн ойрын хавьтлын 107, хоёрдагч хавьтлын 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Батлагдсан тохиолдол 9 байна. 

Сэлэнгэ аймагт батлагдсан иргэний нэгдүгээр хавьтлаас нэг хүнээс коронавирус илэрсэн. Ингээд батлагдсан тохиолдол 4 болж байна. Монгол Улсад батлагдсан тохиолдол 431 болж, үүнээс эдгэрсэн нь 328, 97 хүн эмчлэгдэж байна. Хүнд 2, хүндэвтэр 20, хөнгөн 75 байна" гэсэн.

Тэгвэл дөнгөж сая Хэнтий аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийж тус аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэнийг зарлалаа. Толруулбал, Улаанбаатар хотоос хулгайн замаар ирсэн иргэдээс түргэвчилсэн оношлуулаар Сovid-19 илрүүлэх шинжилгээ хийхэд эерэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгаар дайрч, Хэрлэн гол дагуу явж, аймгийн Шатахуун түгээх станцаар үйлчлүүлж, аймгийн төвөөс 70 км-ын зайтай Заан ширээ гэх газарт гэртээ байна гэх өгүүлэмжтэй байна.

Сумын эрүүл мэндийн төвөөс шинжилгээ авахад хоёр хүний хариу эерэг гарчээ. Энэ асуудлаар аймгийн Онцгой комиссоос хуралдаж аймгийн хэмжээн дэхь хөдөлгөөнүүдийг хааж, төв доторх гарах, орох хөдөлгөөнүүдийг хаалаа. Мөн автомашинуудын хөдөлгөөнийг хориглосон байна. Мөн Хэнтийн аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн хавьтал,  маршрутыг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Мөн аймгийн төвүүдэд хоёр газар шинжилгээ авахаар болжээ. Түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээнүүдийг Дорнодын эмчилгээ оношилгооны бүсийн төв рүү PCR шинжилгээгээр баталгаажуулах юм байна. Энэ хугацаанд буюу 24 цагийн дотор хавьтлуудыг тодорхойлохоор ажиллах тул иргэдийг хөл хорионы хатуу дэглэмийг мөрдөхийг албаны хүмүүс мэдээлэв. Мөн аймгийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд аймгийн төв дээр 100 гаруй ортой тусгаарлах болон тусгаарлан ажиглах байруудын бэлтгэл хангагдсан байна. Түүнчлэн яаралтай оношилгоо хийх түргэвчилсэн оношлуур, эмийн нөөц, хамгаалах хэрэгслийн хувцас хангалттай нөөцөлсөн гэж мэдээлсэн юм.