А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д байгаа 6 хүний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 26.8 сая хүн халдвар авч, 889.000 гаруй хүн нас баржээ. 19.0 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Сүүлийн 3 хоногийн хугацаанд коронавирусийн халдвараар 875.000 хүн өвчилж, 17.000 гаруй хүн эндлээ. Энэ хугацаанд Энэтхэг улсын хувьд нэлээд өвчлөл нэмэгдлээ. Сүүлийн 24 цагт Энэтхэг улсад 92.036 хүн халдвар шинээр авсан нь хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр боллоо.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 5.195 шинэ тохиолдол бүртгэгдэж, 61 хүн энджээ. Хятад улсад 34 тохиолдол шинээр бүртгэгдсэний 12 нь гаднаас зөөвөрлөгджээ.

Япон улсад 451 тохиолдол бүртгэгдэж, 8 хүн эндлээ. БНСУ-д 119 хүн шинээр халдвар авсны 11 нь гаднаас зөөвөрлөгджээ.

АНУ-ын эрдэмтэд нэгдүгээр сар гэхэд коронавирусийн шалтгаант нас баралт 410.000 хүрнэ гэж тооцоолжээ. Амны хаалт зохистой хэрэгвэл энэ тоог бууруулах боломжтой гэж үзжээ.

Австралийн эрдэмтэд тамхи нь халдварын тохиолдлыг нэмэгдүүлж байгааг тогтоожээ.

Манай улсын хувьд  сүүлийн 3 хоногт 365 хүн шинээр ажиглалтад орж, 652 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 3600 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 60 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээний тасагт 1 хүний биеийн байдал хүнд байна.

24 цагийн 119 дугаарын утсанд 98 дуудлага ирсэн" гэлээ.

ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын тархалтын талаар танилцууллаа. 

Тэрбээр "2020.09.06-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 421 хүний шинжилгээ хийлээ. Бүгдэд нь халдвар илрээгүй. Үүнд

  • 2020.08.24-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 257 хүний
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 28 хүний давтан
  • Замын-Үүд суманд тусгаарлагдсан 107 хүний давтан
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан. 3 хүний давтан
  • Дархан-УУл аймагт тусгаарлагдсан 6 хүний давтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д өнөөдөр 14 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 8 хүний биеийн байдал хөнгөн, 6 хүнийх нь биеийн байдал хүндэвтэр байна. Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 310. Үүнээс эдгэрсэн 296 байна. Тэднээс сувилалын ажиглалтад 16 хүн, гэрийн ажиглалтад 25, ажиглалт танадалтын хугацаа дууссан 255 хүн  байна.

Сүүлийн 3 хоногт нийтдээ 1726 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй" гэлээ.