А.Амбасэлмаа: Нурсултанаас ирсэн гурван хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 23.3 сая хүн халдвар авч, 819.000 гаруй хүн нас баржээ. 16.0 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Сүүлийн 24 цагт 253.000 хүн шинээр халдвар авч, 5.000 гаруй хүн нас барсан байна.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 4.747 хүн халдвар авч, 65 хүн эндсэн байна. Хятад улсад 23 тохиолдол шинээр бүртгэгдсэний 14 нь гадаад улсаас зөөвөрлөгджээ.

Япон улсад сүүлийн сар гаруйн хугацаанд өвчлөл нэмэгдэж байна. Өчигдөр 493 хүн шинээр халдвар авч, 13 хүн эндсэн байна. Өвчлөл өмнөх өдрийнхөөс ялимгүй буурах хандлага ажиглагдаж байгаа ч эндэгдэл хэвээр байна.

БНСУ-д 280 хүн халдвар авсны 16 тохиолдлыг гадаад улсаас зөөвөрлөгджээ. Тус улсад халдвар нэмэгдэх болсон тул гадаад, дотоод бүх орчинд амны хаалт зүүхийг шаардаж байна. Иргэд нэгэндээ амны хаалт зүүхийг шаардаж байна. Иргэдийн оролцоо халдвараас сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж ДЭМБ-аас онцолсон.

Дэлхий дахинд хийгдэж байгаа судалгаа шинжилгээнүүдээс тоймлон хүргэе.

Энэ жил улирлын томуугийн вакцин маш чухал бөгөөд хүн бүр дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэйг ДЭМБ зөвлөж байгаа. Тиймээс АНУ-ын Пенсивань мужийн эрүүл мэндийн байгууллагууд томуугийн вакцин хийлгэх нь чухал гэдгийг онцлон зөвлөж байна.

Хонг Конгт 36 настай эрэгтэйд коронавирусийн халдвар аваад эдгэрснээс 142 хоногийн дараа дахин халдвар илэрсэн байна. Эхний удаа халдвар авахад өвчний шинж тэмдгүүд илэрч байсан бол хоёр дахь удаа халдвар авсны дараа ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хөнгөн балархай хэлбэртэй байжээ.

Өвчлөл буурч байсан орнуудад дахин халдвар гараад байгаа. Тухайлбал, Сингапурт ажилчдын байранд нэг сар орчмын дараа дахин халдвар гарч, одоогоор 51 хүн өвчлөөд байна.

Чех, Грек улсад амны хаалт зүүх, зай барих аргыг бүх шатны байгууллагуудад мөрдөж байгаа. Мөн зарим сургалтыг цахимаар явуулж байна.

Манай улсын хувьд өчигдөр 20 хүн шинээр тусгаарлалтад орж, 8 хүн гэрийн ажиглалт руу шилжин, одоогоор 3,574 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа" гэв.

ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын тархалтын талаар танилцууллаа. 

Тэрбээр "2020.08.31-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 318 хүний шинжилгээ хийлээ. Үүнээс 315 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Харин 3 хүнд халдвар илэрлээ.

2020.08.30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 60 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй, 58 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ. Бусад шинжилгээний хувьд

2020.08.20-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 263 хүн

г ХӨСҮТ-д тусгаарлагдсан эмч ажилчны 3 хүн

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний давтан

Сувилалд тусгаарлагдаж байгаа 11 хүний давтан

Ажиглах байранд тусгаарлагдсан 7 хүний давтан

Танадалтын зорилгоор цуглуулсан 3 сорьц

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Монгол Улсад халдварын 304 тохиолдол боллоо. Эдгэрсэн 295 буюу 95 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 29 нь сувиллын ажиглалтад, 40 нь гэрийн ажиглалтад байна" гэлээ.