Д.Нарангэрэл: Хоёр хүний бие хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 25.0 сая хүн халдвар авч, 852.000 гаруй хүн нас баржээ. 17.0 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Гурав хоногийн хугацаанд өвчлөл 1 саяар нэмэгдлээ.

Зарим оронд халдварын тархалт буурах хандлага ажиглагдаж байгаа хэдий ч эргээд халдварыг хяналтдаа авсан Ази, Европын хэд хэдэн оронд өвчлөл дахин сэргэж байна.

Сүүлийн 24 цагт 265.000 хүн шинээр халдвар авч, 5.000 гаруй хүн нас барсан байна.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 4.980 шинэ тохиолдол бүртгэгдэж, 60 хүн энджээ.

Хятад улсад 32 тохиолдол шинээр бүртгэгдсэний 17 нь гадаадаас зөөвөрлөгджээ. Япон улсад 600 хүн шинээр халдвар авч, 14 хүн эндлээ. Сүүлийн сар гаруйн хугацаанд өвчлөл эндэгдэл тус улсад тасралтгүй нэмэгдэж байна. Зарим мужид хар салхи ойртож байгаа учраас нутгийн захиргаанаас нүүлгэн шилжүүлэх ажил ихээр зохион байгуулж байна. Үүнтэй холбоотойгоор халдвар эргэн нэмэгдэж байж болзошгүй байгаа аж.

БНСУ-д 248 хүн шинээр халдвар авсны  10 нь гаднаас зөөвөрлөгджээ.  Тус улсад сүүлийн 2 долоон хоногт бүртгэгдсэн нийт өвчлөлийн 20 гаруй хувийг хавьтлын судалгаа хийх боломжгүй байна  гэсэн дүгнэлт гаргасан байна. Иймээс давхар зүйн судалгаанд хамрагдсдыг өөрсдөө ирж шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна. Эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн байна.

Манай улсын хувьд 301 хүн шинээр ажиглалтад орж, 328 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 3429 хүн байна.

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 61 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 2 хүний бие хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна.

24 цагийн 119 дугаарын утсанд 36 дуудлага ирсэн" гэлээ