НЭМҮТ: Ковид-19-ийн үед сургууль, цэцэрлэг хэрхэн ажиллах талаар сургалт явууллаа

БШУЯ, НБГ, НЭМҮТ, МУИС, СЭМҮТ, “Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг” ТББ-тай хамтран нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан нийгэм-сэтгэл зүйн нөлөөллийн “Хүүхэдтэй боловсрол” сэдэвт сургалтыг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Багшийн хөгжлийн ордон дээр зохион байгууллаа.
Коронавиурст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үеийн хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан сургалтыг тайван, өндөр түвшинд зохион байгуулахын тулд багш сурагчийн харилцааны эерэг байдал, сургалтын чанарыг сайжруулах, сургалтын хэвийн горимд шилжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар олгох зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Хичээл сургалтын үйл ажиллагаа удаан хугацаанд завсарласны улмаас суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад гарч болзогшүй айдас, түгшүүр, эргэлзээг тайлах, сургалтын хэвийн горимд шилжүүлэхэд нийгмийн ажилтны үүрэг оролцоо, нөлөөлөл зайлшгүй шаардлагатай.
Өнөөдрийн сургалтыг “Хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн асуудал, эрсдэлийг илрүүлэх судлагааны үр дүн”, “Хүүхдийн стресс, түгшилтийг бууруулах зөвлөмж”, “Сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх үед сургуулийн нийгмийн ажилтнуудад өгөх зөвлөмж” сэдвээр тус тус зохион байгуулсан. Сургалтад нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 120 нийгмийн ажилтан хамрагдлаа.