Нэмж нэг хүнээс ковид-19 илэрч батлагдсан тохиолдол 301 боллоо

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан ;дөнгөж сая Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын талаархи ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 26-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид 553 хүнд шинжилгээ хийхэд 552 хүнд коронавирус илрээгүй. Нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Наймдугаар сарын 22-нд Сөүлээс ирсэн 35 настай эрэгтэйгээс коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 19 жолооч, ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаа, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа.

Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 301 батлагдсан тохиолдлын 291 нь эдгэрлээ. Нийт халдвар авсан хүмүүсийн 96.3 хувь нь эдгэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар сувиллын ажиглалтад 33, гэрийн тусгаарлалтад 35, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 223 хүн байна. Одоогийн байдлаар халдвартын клиникт 10 хүн эмчлүүлж байна" гэв.