Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор орж ирсэн таван хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр албаныхан манай иргэдийн анхаарал суларч, амны хаалт зүүхгүй байна. ДЭМБ-аас байнга анхааруулж байгаа нэг зүйл бол энэ цар тахлыг даван туулахад Засгийн газраас гадна хувь хүний хариуцлага маш чухал гэдгийг онцолж байгаа. Тиймээс маск зүүх, гараа угаах, зай барихыг хүн бүр баримтлах ёстой гэдгийг дахин хэлэхийг хүсч байна гэдгийг онцолсон. 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:  

Өчигдөр буюу 2020.07.06-нд 757 хүний сорьцод шинжилгээ хийхэд 752 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин таван хүнд илэрлээ. Алтанбулагийн боомтооор орж ирсэн 22-34 насны хүмүүс байна. 757 хүний сорьц цуглуулж шинжилгээ хийнэ гэдэг маш хэцүү. Шөнөжингөө суугаад шинжилгээ хийсэн. Олон эмчийн хамтын ажиллагаагаар энэ их ажлыг амжуулж байна. Өвчтэй хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлээд тусгаарлагдаж байгаа эмч, сувилагч нарт шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.  Өнөөдөр сайн мэдээ байна. Зургаан хүн эдгэж дараагийн сувилал руу шилжсэн. Эдгээр хүмүүс эь Сөүлээс зургаадугаар сарын 18-нд ирсэн 2, Нурсултанаас ирсэн 4 хүн. Эдгээр хүмүүсийг 15 хоногт эмчиллээ.  

Өчигдөр Алтанбулагийн боомтоор 85 хүн орж ирсэн. Өнөөдөр сорьц цуглуулах ажил эхэллээ. Улс орнууд хорио цээрээ цуцалж, өвчин алдаж буцаад хөл хорионд орж байгааг та бүхэн харж байна. Казахтсанд байдал хүндэрч, самгардаж эхэлж байна гэж байна. Ачааллаа даахаа болих юм бол үнэхээр хэцүүднэ гэдгийг бидэнд сануулж байна. Бидний хил залгасан, хөрш улсуудад халдвар эрчтэй тархаж байгаа нь бидэнд сануулга болж байна" гэв. 

Түүнчлэн дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдэж, 11.6 сая хүн өвчилж, 539 мянган хүн эндсэн байна. 6.6 сая хүн эдгэрч, 5 сая хүн эмчлүүлж байна. 24 цагийн хугацаанд 138 мянган хүн шинээр халдвар авч, 3000 гаруй хүн эндсэн байна. 

Мөн 24 цагийн дотор АНУ-д өвчлөл 44, Бразильд 23, Энэтхэгт 24 мянгаар нэмэгдсэн байна. Энэтхэгт сүүлийн хоёр сар өвчлөл эрчтэй нэмэгдэж байгаагаас эмнэлэг үйлчилгээний доголдол гарсан байна. Тус улсад илрүүлэлт, эмчилгээ гэх мэт олон арга хэмжээ авч байгаа ч ойрын хэдэн долоо хоногт нөхцөл байдал улам хүндрэх магадлалтай байгааг ЭМЯ-наас нь анхаарууллаа. 

ОХУ-д 24 цагийн дотор 6611 хүн шинээр халдвар авч, 135 хүн эндсэн байна.