Д.Нямхүү: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний 3 дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын халдварын цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирусын халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 10,228,000 хүн өвчилж, 503,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. Өвчилсөн хүмүүсээс 5.5 сая нь эдгэрсэн бол 4.1 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 150,000 гаруй хүн шинээр халдвар авч, 3,000 гаруй хүн нас барлаа.

АНУ-д 44000 шинэ өвчлөл бүртгэгджээ. Бразилд 30,000, , Энэтхэгт 19000-аар нэмэгдэж шинэ халдварын тоогоор тэргүүлсээр байгаа. Мөн Зүүн Европын 30 оронд хөл хориог сулруулсантай холбоотойгоор халдвар нэмэгдсэн тул 11 орон буцаад хөл хорионы дэглэмээ чангаруулах арга хэмжээ авч байна.

ОХУ-д 6,791 хүн шинээр халдвар авч 104 хүн эндсэн. Манай улсын хил залгаа бүс нутгуудад халдвар нэмэгдсээр байгаа. Эрхүү мужид сүүлийн 14 хоног халдварын тоо тасралтгүй өссөөр байна.

Улсын хэмжээнд 2710 иргэн ажиглалтад байна. Тусгаарлах байранд 87 хүн шинээр орж, 16 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ. 1-5 насны 113, жирэмсэн 53, архаг хууч эмгэгтэй 233 хүн байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 78 хүн цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Эдгээрээс 51 хүн архаг хууч өвчтэй байгаа бол 5 хүний биеийн байдал хүнд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Орон нутгийн 18 чиглэлийн галт тэргэнд 5000 гаруй иргэнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 159 дуудлага ирсэн байна. БНСУ, Казахстан улсаас манай улсын хоёр иргэн холбогдож, коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө авчээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр, “Зургаадугаар сарынг 28-нд гурван лабораторид нийт 216 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 215-д нь коронавирус илрээгүй. Харин зургаадугаар сарын 10-д Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ. Энэ хүнээс 3 дахь шинжилгээгээр вирус илэрсэн байна. 19 хоногийн дараа вирус илэрсэн. Тус онгоцоор ирсэн 10 хүнээс халдвар илрээд байна гэв.