Д.Нямхүү: АНУ-аас ирсэн 1 иргэнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 216 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ээлжит мэдээллээ хийв.

Тэрбээр "2020.06.24-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 333 сорьцод шинжилгээ хийхэд, 332-т нь коронавирус илрээгүй. Харин Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрсөн бөгөөд халдвар илэрсэн иргэн 64 настай эмэгтэй.

Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа бол мөн нэг хүн эргэж халдвартай оношлогдоод халдвартын эмчилгээ рүү орлоо.

Нийт батлагдсан тохиолдол Монгол Улсын хэмжээнд 216 үүнээс эдгэрсэн 169 байна. Эмчилгээнд байгаа 47 хүний биеийн байдлыг үнэлбэл 41 нь хөнгөн, зургаа нь хүндэвтэр байгаа.

Өнөө өглөө ОХУ-аас ирсэн 114 зорчигч ирсэн. Гурван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-т тусгаарлаад дараагийн онгоцуудыг хүлээж авах бэлтгэлээ хангаж байна" гэв.