Д.Нямхүү: Коронавирусийн халдвар 7 хүнээс нэмж илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхийн дахин дахь өвчлөлийн тархалтын талаар танилцууллаа.

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 9.0 сая хүн халдвар авч, 469.000 гаруй хүн нас баржээ. Цар тахалж эхэлж байхад 3 сарын хугацаанд 1 сая, нэг сарын хугацаанд 1 сая, 8-10 хоногийн дараа 1 сая гэж ярьдаг байсан бол 6 сарын 16-нд 8 сая хүн өвчилсөн талаар мэдээлж байсан бол 6 хоногийн дараа өвчлөл 9 сая хүнд хүрлээ.

Сүүлийн 24 цагт 122.000 хүн шинээр халдвар авч, 3.000 гаруй хүн нас барсан байна. АНУ-д 23.000, Энэтхэгт 15.000, Бразилд 14.000 тохиолдол бүртгэгдлээ. Мөн Пакистанд 24 цагийн хугацаанд өвчлөл 5000 нэмэгдлээ. Үүний улмаас эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, шинээр шинжилгээ хийх, өвчтөн авах боломжгүй болжээ.

Мян Хятадын хүнсний захтай холбоотой өвчлөлийн тоо 220 болж, ойр орчмын 3 хүнсний захад коронавирус илэрсэн байна.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 7.728 шинэ тохиолдол, 119 хүн нас барсан байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад өвчлөл өмнөх өдрөөс 44-147 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Эрхүү хотод 191 хүн шинээр өвчилж, 40 хүн эндлээ. Тувал 147 хүн өвчилж, нийт өвчлөл 3284 боллоо. Буриадад 48 хүн шинээр өвчилж, нийт 2549 боллоо.

Манай улсын хувьд 2 хүн ажиглалтад шинээр орж, 6 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор ажиглалтад 2183 хүн байна.

Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 6.000 гаруй хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

24 цагийн 119 дугаарын утсанд 120 дуудлага ирсэн" гэлээ.

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.06.21-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 359 хүний шинжилгээ хийлээ. Үүнээс 352 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Харин 7 хүнд халдвар илэрлээ. Энэ нь Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 4 хүний давтан шинжилгээнээс илэрсэн. Мөн Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 2 зорчигчоос илэрлээ. Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн жолоочоос халдвар илэрсэн.

6, 11, 12, 29, 38, 63 насны хүмүүсээс халдвар илэрсэн. 6 эрэгтэй, 1 эмэгтэй хүн гэсэн үг. Өнөөдөр 7 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ. Ингээд нийт батлагдсан тохиолдол 213 болж, 153 хүн  эдгэрлээ. 60 хүн ХӨСҮТ-д байна. 53 хүний бие хөнгөн, 7 хүн нь хүндэвтэр байна" гэлээ.

buzznews.mn