Д.Нямхүү: Халдварын тохиолдол 2 хүнээр нэмэгдэж 206 боллоо

 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 8.8 сая хүн халдвар авч, 466.000 гаруй хүн нас баржээ.

Сүүлийн 24 цагт 148.000 хүн шинээр халдвар авч, 4.000 гаруй хүн нас барсан байна. Энэ өдөр бүртгэгдсэн өвчлөлийн тал нь Америк тивд, бусад нь Өмнөд Ази, Ойрх дорнодод бүртгэгдлээ. АНУ-д 31.000, Бразилд 28.000, Энэтхэг улсад 18.000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 7.889 шинэ тохиолдол, 81 нас баралт бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад 55-193 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Эрхүү мужид 193 тохиолдол бүртгэгдэж, эндэгдэл 9 хүнээр нэмэгдлээ. Тувад 140 хүн шинээр өвчилж, нийт 3183 болсон бол Буриадад 55 хүн шинээр өвчиллөө.

Манай улсын хувьд тусгай үүргийн онгоцоор 526 зорчигч ирсэн. Үүнээс ХӨСҮТ-д 9, Цэргийн төв эмнэлэгт 15 хүнийг тусгаарлалаа. Цэргийн төв эмнэлэгт байгаа 9 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Ажиглалтад нийт 533 хүн шинээр орж, 83 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор ажиглалтад 2184 хүн байна.Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 5.000 хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна. 24 цагийн 119 дугаарын утсанд 119 дуудлага ирсэн"гэлээ.

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.06.20-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лабораторид 314 хүний шинжилгээ хийлээ. Үүнээс 312 хүнд халдвар илрээгүй. Харин 2 хүнд коронавирус илэрлээ. Энэ нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай Орос жолооч, нөгөө нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй зорчигч байна.

Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг хэлбэл

  • 2020.06.20-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан
  • Ажиглах байранд тусгаарлагдсан
  • Танадалтын зорилгоор цуглуулсан 13 сорьц
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 23 жолоочид шинжилгээ хийлээ.

Өнөөдөр 7 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа. 20-37 хоног эмчлэгдэн гарч байна. Ихэвчлэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн оюутнууд. Мөн цэргийн сургуулийн оюутнууд байна.

Нийт батлагдсан тохиолдол 206. Үүнээс 139 хүн эдгэрсэн байна. Одоогоор 67 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл 60 хүн нь хөнгөн, 7 хүн нь хүндэвтэр байна.

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “АНУ-д өчигдөр 32.200 гаруй халдварын тохиолдол, 690 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 2.2 сая боллоо.

Бразил улсад өчигдөр 34.600 гаруй халдварын тохиолдол, 1022 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Тус улсын батлагдсан халдвар өссөн дүнгээр 1 сая гаруй боллоо. Нас баралт 49.976 болжээ. Мөн өдөр 13.000 гаруй хүн нэмж эдгэрсэн бөгөөд одоогийн байдлаар 496.000 гаруй хүн халдвартай байна.

БНСУ-д өчигдөр 48 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 40 нь дотоодын халдвар бол 8 нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодын халдвараас 28 нь Сөүл хотод бүртгэгдсэн байна.

Хятад улсад өчигдөр 26 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 25 нь дотоодын халдвар бөгөөд 1 нь гаднаа зөөвөрлөгджээ.

Дотоодын халдварын 22 нь Бээжин хотод бүртгэгдсэн бол Хубэй мужид 3 бүртгэгдлээ. 06 сарын 11-ний өдөр халдвар анх бүртгэгдсэнээс хойш Шинфади хүнсний захаас эх уурхайтай тохиолдлын тоо өссөн дүнгээр 227 болжээ.

Мөн өчигдөр шинж тэмдэггүй халдварын тохиолдол 6 бүртгэгджээ.

Герман улсын мах боловсруулах үйлдвэрийн ажилчдын дунд шинэ коронавирусийн халдвар шинээр дэгдсэн байна. Одоогийн байдлаар дээрх үйлдвэрийн 1.000 гаруй ажилчдад халдвар батлагдаад байна. Үүнтэй холбогдуулж дээрх мах боловсруулах үйлдвэрийг хааж, ажилчид тэдгээрийн хавьтлыг олж илрүүлэх шинжилгээ хийхээр ажил өргөн хүрээнд хийгдэж байна. 

Тус улсын халдварын индекс баасан гарагаас огцом өсч, өчигдөр 1.79 болжээ" гэлээ.

buzznews.mn