Д.Нямхүү: 7 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл халдварын тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 8.7 сая хүн халдвар авч, 461.000 гаруй хүн нас баржээ.

Сүүлийн 24 цагт 166.000 хүн шинээр халдвар авч, 4.000 гаруй хүн нас барсан байна. Цар тахал эхэлснээс хойш хамгийн олон хүн халдвар авсан өдөр байлаа. Шинэ халдварын тал нь Америк тивд бүртгэгджээ.

Бразилд өчигдөр 49.000 хүн халдвар авч, нийт өвчлөл 1.0 сая гаруйд хүрчээ. Вирусийн халдвар илүү хурдтай тархаж, бүх хүн халдвар авах эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулсан.

ОХУ-д коронавирусийн 79.040 хүн халдвар, 181 хүн нас баржээ. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад 54-115 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Тувад 115 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөл 2998 болж, 4 хүн нас барлаа. Буриадад 54 хүн шинээр өвчилж, нийт 2466 болжээ.

Манай орны хувьд ажиглалтад шинээр 8 хүн орлоо. 26 хүн гэрийн тусгарлалтад шилжлээ. Ажиглалтад 1.703 хүн байна. Үүнд

  • Бага насны хүүхэд 79
  • Жирэмсэн эмэгтэй  42
  • Эрүүл мэндийн шалтгаантай 26 хүн байна.

Орон нутгийн 14  чиглэлийн галт тэргэнд 4.000 гаруй хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна. 24 цагийн 119 дугаарын утсанд 168 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар Солонгос, Казахстан, Швеэйд улсаас 3 хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан.

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.06.19-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 62 хүний шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй. Үүнд

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 3 хүн
  • Танадалтын зорилгоор цуглуулсан 7 сорьц
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүн
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 42 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Өнөөдөр 7 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн  сувилал руу шилжлээ. 6 нь оюутан. Тэдний 4 нь цэргийн сургуулийн оюутнууд. 2 нь энгийн сургуулийн оюутан.

Нийт батлагдсан тохиолдол 204. Үүнээс эдгэрсэн 139 боллоо. Эмчлэгдэж байгаа 65 хүн байна. Биеийн байдлыг  үнэлбэл 57 нь хөнгөн, 8 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 117 хүн байна” гэлээ.

buzznews.mn