Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн гурван жолоочоос нэмж халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 8.5 сая хүн халдвар авч, 455.000 гаруй хүн нас баржээ.

Сүүлийн 24 цагт 125.000 хүн шинээр халдвар авч, 4.000 гаруй хүн нас барсан байна. Мөн хугацаанд АНУ-д 24.000, Бразилд 17.000, Энэтхэгт 13.000, ОХУ-д 7.000 гаруй хүн шинээр өвчилжээ. ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 7.790 шинэ тохиолдол бүртгэгдэж, 182 хүн нас баржээ. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад 21-122 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Өвчлөл тогтвортой тархсан хэвээр байна. Тувад 122 хүн шинээр өвчилж, эрүүл мэндийн салбарын хувьд эмчилгээ, үйлчилгээ хүндрэл учрах байдал үүссэн. Буриадад 51 хүн шинээр өвчилж, нийт өвчлөлийн тоо 2392 болж, 12 хүн нас барлаа. Манай орны хувьд ажиглалтад өчигдөр 297 хүн шинээр орж, 216 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоо ажиглалтад 1719 хүн байна. Өчигдөр орой Сөүл-Улаанбаатарын нислэгээр 266 хүн ирсэн. Орон нутгийн 18 чиглэлийн галт тэргэнд 5.000 гаруй хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна. 24 цагийн 119 дугаарын утсанд 218 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар Герман, АНУ, Япон улсаас 3 хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан" гэлээ. 

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.06.18-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 339 хүний шинжилгээ хийлээ. Үүнээс 336 хүнд халдвар илрээгүй. Харин 3 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Энэ нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нар байлаа. Нэг нь 59 настай ОХУ-ын иргэн. Нэг нь 37 настай Буларусь улсын иргэн. Нөгөө нь 32 настай Монгол Улсын иргэн байна. Өчигдөр үүргийн нислэгээр ирсэн бүх хүмүүсийн сорьцыг цуглуулж, шинжилгээнд хамруулж амжлаа. Эхний шинжилгээгээр бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Нийт батлагдсан тохиолдол 204, эдгэрсэн 132 боллоо.

Одоо 72 хүн эмчилгээнд байгаагийн 67 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна. Эдгэрсэн таван хүн бүгд оюутан. Оюутнууд эмчийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг. Эмч нарт сэтгэлийн их сайхан хүнч өгч байна" гэв.