Д.НЯМХҮҮ: Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20 авто тээврийн жолоочооос дөрөвт нь халдвар илэрлээ

ЭМЯ-наас өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

"Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж,  8.3 сая гаруй хүн өвчилж, 450 мянган хүн нас баржээ. Одоогоор 4.3 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 3.5 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 131 мянган хүн шинээр өвчилж, 5000 мянга гаруй хүн нас барсан байна. БНХАУ-д одоогийн байдлаар 158 хүн уг захаас халдвар авсан гэж үзэж байна. Бээжинд ирэх онгоц, галт тэргийн хөдөлгөөнүүдийг бүрэн хаасан. ОХУ-д 24 цагийн дотор 7843 хүн халдвар авсан байна. Манай олон аймагтай хил залгадаг Тува, Буриад, Читид өвчлөл нэмэгдсээр байна. Ялангуяа Тувад 110 хүн шинээр өвчилж, нийт өвчлөлийн тоо 2761 болж, 4 хүн нас барсан байна. Сүүлийн 14 хоногийн хугацааанд  өвчлөл нэмэгдэж байгаа учраас эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал эрс нэмэгдэж, яаралтай түргэн тусламж доголдох эрсдэлд орж байна. Буриадад өвчлөл 51 хүнээр нэмэгдэж, нийт өвчлөл 2341 боллоо. Читид өвчлөл 83 хүнээр нэмэгдсэн байна.Манай улсад ажиглалтад 270 хүн шинээр орж, 362 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар ажиглалтад 1631 хүн байна. Өчигдөр орой Улаанбаатар-Солонгос чиглэлийн транзит нислэгээр 257 хүн ирсэн. Үүнээс таван хүнийг ХӨСҮТ-д, 12 хүнийг цэргийн төв эмнэлэгт тусгаарласан.  24 цагийн хугацаанд 119 дугаарт 163 дуудлага ирлээ. Иргэд анхаарлаа сулруулж, амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол маш ихээр ирүүлж байна. Тиймээс иргэд амны хаалтаа сайтар зүүх хэрэгтэй. ДЭМБ-аас дексометицин эмийг зөвхөн хүнд өвчтөнд хэрэглэнэ гэсэн” хэмээв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

"Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн 2, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн лабораторид 363 хүнд шинжилгээ хийхэд 359 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20 авто тээврийн жолоочооос дөрөвт нь халдвар илэрлээ. Тухайн дөрвөн хүн нь 33-40 настай Беларусын иргэд байна. 2020 оны зургадугаар сарын 17-нд ирсэн 5 мөн найман хүний давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 250 хүнийг шинжилхэд коронавирус илрээгүй. Эхний шинжилгээгээр өчигдөр ирсэн 250 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр 16 хүн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжиж байна. Эдгээр нь 18-65 хоног эмчлэгдээд гарч байна. 19-23 насны 15 хүн, 35 настай нэг хүн байна. Эдгэрсэн хүмүүс бүгд оюутнууд байна. Нийт батлагдсан тохиолдол 201, эдгэрсэн 127 хүн боллоо” гэв.