Д.Нямхүү: 10 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл 24 цагийн хугацаанд өвчлөл хэдэн хүнээр нэмэгдсэн талаар танилцууллаа. 

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 7.7 сая хүн халдвар авч, 435.000 гаруй хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 118.000 хүн шинээр халдвар авч, 3.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 8.000, нас баралт 800 гаруйгаар буурчээ.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 8.835 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт өвчлөл 528.000 гаруй болсон байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад өвчлөл өмнөх өдрөөс 50-190 тохиолдлоор нэмэгдсэн байна. Тувад 199 хүн шинээр өвчилж, нийт 2494 болж, 4 хүн нас барсан байна. Энэ нь сүүлийн 14 хоногийн хугацаанд Тувад хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр болжээ. Сүүлийн 7 хоногт өвчлөл тогтвортой нэмэгдэж байгаа учраас түргэн тусламж, эрчимт эмчмилгээний ор хүрэлцэхгүй байна.

Манай орны хувьд ажиглалтад 5 хүн шинээр орж, 9 хүн ажиглалтаас гарлаа. Ажиглалтад 2061 хүн байна. Тусгаарлах байранд

  • 1-5 насны хүүхэд 57
  • Жирэмсэн эмэгтэй 39
  • Архаг хууч өвчтэй 82 хүн байна.
  • Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 5.328 хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
  • 24 цагийн 119 дугаарын утсанд 165 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар АНУ, Солонгос, Швеэйдээс 3 хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан" гэлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020.06.14-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид 258 хүний шинжилгээг хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээтэй. 10 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч, дараагийн сувилал руу шилжиж байгаа. Тэдний 8 нь оюутан, хоёр нь 49-65 настай иргэн. Эдгэрсэн хүмүүсийн эмчилгээ 17-55 хоног үргэлжилсэн. Оюутнуудын эмчилгээний хоног цөөн байгаа.

  • Элэгний хавдартай 64 настай эмэгтэй 45 хоног эмчлэгдээд эдгэрлээ. Мөн 49 настай иргэн 55 хоног эмчлэгдээд гарлаа.
  • ХӨСҮТ-д 132 хүн тандалт судалгаа, хяналт, эмчилгээнд байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 197. Үүнээс эдгэрсэн 108, эмчлэгдэж буй 89 хүн байна" гэлээ. 

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа мэдээлэл өгөв.

Тэрбээр “Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 216 улс орон нутагт дэвсгэрт 7.7 сая гаруй тохиолдол, 427.000 гаруй нас баралт бүртгэгдсэн. Нас баралтын хувь нь 5.7 байна. Европын бүсэд 04 сарын дундуур шинэ тохиолдлын буурсан хэдий ч Африк, Ойрх Дорнод, Америк, Зүүн Өмнөд Азийн бүсэд нэмэгдсээр байна.

Сүүлийн хоёр 7 хоногт дэлхийн ихэнх улсад өдөрт 100.000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн. 75 орчим хувь нь Америк, Өмнөд Азийн 10 улсад гарсан байна.

Манай улсын харьяалагддаг Номхон далайн баруун бүсэд нийт 200.000 гаруй тохиодол, 7000 гаруй хүн эндсэн үзүүлэлттэй байна. Нас баралтын хувь нь 3.7 байна.

172 судалгаанд хийсэн дүн шинжилгээ 1 метрийн зай барих нь халдвар эмнэлэг болон хүн амын дунд тархах, халдварлах боломжийг 82 хувиар бууруулсан, 2 метрээс дээш зай барих нь илүү үр дүнтэй болохыг харуулсан.

Амны хаалт зүүх нь мөн халдвар авах боломжийг 85 хувиар багасгасан дүн байна.

Хятадын Бээжин хотод 06 сарын 11-13-ны хороонд хүнсний захтай холбоотой 45 тохиолдол бүртгэгдсэн. Шинж тэмдэг нь 06 сарын 04-нөөс эхэлсэн. 24 тохиолдол нь зах дээр ажилладаг хүн бол 4 нь хүнсний байцаагч байжээ. Захаар үйлчлүүлсэн хүнийг тогтоож судалгаа хийж байна.

Тус захын ойролцоо оршин суудаг 46.000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөөд байна. Сулруулсан байсан хязгаарлах арга хэмжээг эргэн чангатгаж, ойр орчмын сургуулийг хааж, спорт, фитнесс, ресторан зэрэг газарт  зай барих журам мөрдөж эхэлж байна.

Ковид 19 халдвар дэгдэж эхэлсэн цагаас ДЭМБ сүүлийн үеийн мэдээлэл, нотолгоо болон улс орны бэлэн  байдал хариу арга хэмжээний төлөвлөгөө хэрэгжүүлэхээр бол хамтран ажиллаж байна.

ДЭМБ-ын санаачилсан ковид 19 түншлэлийн платформ буюу улс орны төлөвлөх, хариу арга хэмжээ авахад шаардлагатай төсөв, нөөцийг дайчлах, онлайн хэрэгслийг ашиглан донор хамтрагч талууд хөрөнгө оруулж байна.

Одоогийн байдлаар 105 улс хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө оруулсан. Одоогийн байдлаар эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр 56 донор 3.9 тэрбум ам.доллар оруулжээ. Манай бүсийн 12 улс шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөөг оруулсанаас 4 улс нь салбар хоорондын өртөг тооцсон төлөвлөгөө оруулсан. 3 орны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэсэн байна "гэлээ.