Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний бүх сорьцыг цуглуулж шинжилгээ хийхэд халдвар илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 7.3 сая хүн халдвар авч, 412.000 гаруй хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 102.000 хүн шинээр халдвар авч, 2.00 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 11.000, нас баралт 1.500 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.

ДЭМБ-аас өчигдөр мэдээлэл хийхдээ "Эерэг үр дүн гарч байгаа орнууд байгаа хэдий ч бардам байдал, хэт хангалуун байх гэдэг нь том аюул. Ковид 19 дахин дэгдэх магадлал өндөр байгаа учраас хэтэрхий тайвширч, бардам сэтгэлээр хандаж болохгүй" гэж олон оронд анхааруулсан.

АНУ-д жагсаал цуглаантай холбоотойгоор 50 мужийн 28-д нь халдвар дахин нэмэгдэж бүртгэгдсэн байна. Улмаар тус улсын халдварын мэдээлж байгаа тоо нь бодит байдал дээр үүнээсээ илүү байх өндөр магадлалтайг анхааруулсан байна.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 8.595 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад 44-87 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Эрхүү хотод 226 хүнээр өвчлөл нэмэгдэж, нийт өвчлөлийн тоо 3.083 болж, 18 хүн нас барсан байна. Тувад 87 хүн өвчилж,  нийт тохиолдол 1885 болж, 4 хүн нас барсан байна. Тувад хөл хориог чангатгаж, хатуу хөл хориог 14 хоног мөрдүүлэхээр болсон байна. Иймээс Увс аймгийн Давс сумын иргэд анхааралтай байхыг байх хэрэгтэй.

Манай улсын хувьд өчигдөр 54 хүн ажиглалтад шинээр орсон. Ажиглалтаас 187 хүн гарч, гэрийн хяналтад шилжсэн. Одоогоор 1882 хүн ажиглалтад байна. Үүнд архаг хууч өвчтэй 134 хүн байна.

Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 4.761 хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 3 сарын 24 -нөөс хойш 4294 хүн гэрийн хяналтад орсон. Үүнээс 389 иргэн гэрийн ажиглалтад байна. 

24 цагийн 119 дугаарын утсанд 150 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар АНУ, Швейд, Солонгос, Блерусаас иргэд холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан" гэлээ.

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.06.09-нд ХӨСҮТ болон ЗӨССҮТ, Дарханы лабораторид 358 хүний шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй. Үүнд

-          ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан

-          Ажиглах байранд тусгаарлагдсан 11 хүний давтан

-          Танадалтын зорилгоор цуглуулсан 12 сорьц

-          Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. 

Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээг хийсэн. Гол нь Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний бүх сорьцыг цуглуулж шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Үүн дээр нисэх бүрэлдэхүүн экпаж гээд нийтдээ 274 хүний шинжилгээг хийсэн.

Өнөөдөр 2 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч, дараагийн сувилал руу шилжиж байна. Нэг нь Алтанбулагийн боомтоор  ирж ирсэн оюутан, нөгөөх нь цэргийн сургуулийн оюутан байна. Эдгээр нь 25-27 хоногт эмчлэгдэн, гарч байна.

Нийт батлагдсан тохиолдол 194. Үүнээс 87 хүнийг эдгээж гаргалаа. Эмчилгээнд 107 хүн байна. Биеийн байдлын тухайд 91 нь хөнгөн, хүндэвтэр 16 хүн байна. ХӨСҮТ-д 145 хүн эмчилгээ, хяналтад байна" гэлээ.

Б.Янжмаа: Мексик, Бразил, Перу, Чил зэрэг улсуудад халдвар хурдацтай тархаж байна

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ДЭМБ-ын Америкийн бүсийн захирал өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр Хойд болон Өмнөд Америк тивийн зарим улсад халдвар хурацтайгаар тархаж байгааг анхааруулсан байна. Тухайлбал, Мексик, Бразил, Перу, Чил зэрэг улсуудад халдвар хурдацтай тархаж байна.

Өнгөрсөн мягмар гараг гэхэд зөвхөн Перу улсад 4.000 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт батлагдсан тохиолдлын тоо 200.000 давж, дэлхийн хэмжээнд халдварын тоогоор 8 дугаар бичигдсэн бол дэлхий дээр өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байгаа 7.1 сая гаруй халдварын 3.3 сая нь Америкийн бүсэд бүртгэгдэж байгааг онцгойлон анхааруулсан байна.

АНУ-д өчигдөр 17.500 гаруй халдварын тохиолдол, 550 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Нийт халдварын тохиолдол 1.9 сая гаруй байгаагаас 110.900 гаруй хүн эндээд байна.  

Бразилд өчигдөр 32.000 халдварын тохиолдол, 1272 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Мөн өдөр 6000 гаруй хүн эдгэрсэн байна. Өссөн дүнгээр тус улсын нийт батлагдсан тохиолдол 739.000 гаруй, нас баралт 38.400 гаруй болжээ. Тус улсын дээд шүүхийн зүгээс эрүүл мэндийн яамыг халдварын нөхцөл байдал болон тархвар зүйн мэдээллийг олон нийтэд ил тод, дэлгэрэнгүй мэдээллэх ёстой талаар мэдэгдэл гаргасан байна. Үүний улмаас өчигдөр оройноос Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд халдварын тухай бүхий л мэдээллийг буцааж дэлгэрэнгүй байдлаар байршуулжээ.

ОХУ халдварын бүртгэгдсэн тоогоор дэлхийн хэмжээнд 3 дугаар эрэмбэлэгдэж байна. Өчигдөр 8.590 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Нийт халдварын тохиолдол 485.200 гаруй болсон бол нас баралт өссөн дүнгээр 6642 болжээ.

Япон улсад өчигдөр 21 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Дээрх тохиолдлууд нь бүгд дотоодын халдвар бөгөөд гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол, нас баралт нэмэгдээгүй. 

БНСУ-д өчигдөр 50  халдварын тохиолдол, 2 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 43 нь тус улсын дотоодын халдвар байна. Сүмүүдээс голомттой батлагдсан тохиолдлын тоо өссөн дүнгээр 86 болсон бол эрүүл мэндийн бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны төвөөс голомттой халдвар өссөн дүнгээр 68 болжээ. Харин шөнийн клубын голомтоос нийт 272, цахим худалдааны ложистик төвөөс нийтдээ 139 тохиолдол,  ширээний теннисний клубын шинэ голомтоос өссөн дүнгээр 51 тохиолдол батлагджээ.

Хятадад өчигдөр гаднаас зөөвөрлөгдсөн 3 шинэ тохиолдол, шинж тэмдэггүй халдварын 5 тохиолдлыг бүртгэжээ. Одоогийн байдлаар тус улсад шинж тэмдэггүй 150 тохиолдлыг эмнэлгийн ажиглалтад хянаж байна" гэлээ.