Я.Буянжаргал: Үүргийн онгоцоор ирсэн 2 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 7.1 сая хүн халдвар авч, 408.000 гаруй хүн нас баржээ. Нас баралт өдрөөс өдөрт буурч байна. 3.5 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Сүүлийн 24 цагт 102.000 хүн шинээр халдвар авч, 2.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 10.000, нас баралт 400 гаруйгаар буурсан  үзүүлэлт юм.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 8.985 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлитйн сар гаруйн хугацаанд ОХУ-д өдөрт 8000-9000 халдвар шинээр бүртгэгдэж байгаа. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад 44-88 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Эрхүү хотод өвчлөл 85 хүнээр нэмэгдсэн. Нийт өвчлөлийн тоо 2877 болж, 11 хүн нас барсан байна. Тувад 71 хүн шинээр өвчилж, нийт өвчлөлийн тоо 1731 болж, 4 хүн нас барсан байна.

Иймээс хил залгаа Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймгийн иргэд онцгой анхааралтай байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг дагахыг сануулж байна.

Манай улсын хувьд ажиглалтад 1.417 хүн байна.

24 цагийн 119 дугаарын утсанд 207 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар АНУ, Швейд, Казахстан зэрэг улсаас 6 хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан.

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.06.08-нд ХӨСҮТ-ийн лабораторид 20 хүний шинжилгээ хийлээ. Мөн Дархан-Уул аймгийн салбар лабораторид 20 шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй. Үүнд

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 4 хүний шинжилгээ

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Өнөөдөр 10 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч, дараагийн сувилал руу шилжлээ. Энэ нь 18-25 насны оюутнууд. Үүний 5 нь цэргийн сургуулийн оюутан, 5 нь Алтанбулагаар орж ирсэн оюутан. 4 эмэгтэй, 6 эрэгтэй оюутан эдгэрлээ" гэлээ.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын талаарх мэдээллийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Өчигдөр Сидей-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 262 иргэнийг хүлээн авсан. Толгой өвдөж, ханиалгаж байгаа зовиуртай 2 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн архаг хууч өвчтэй, хавдар, элэгний хатуурал зэрэг шалтгаантай 15 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Бусад иргэдийг тусгаарлан бэлтгэсэн тусгаарлан ажиглах байруудад байрлуулсан.

Ирсэн иргэдийн дотор

-          Жирэмсэн эмэгтэй 15

-          Хүүхэдтэй гэр бүл 79

-          Архаг, хууч өвчтэй хүн 47

-          Хөгжлийн бэрхшээлтэй 2 хүмүүс ирсэн.

Тусгаарлан ажиглах байранд нийтдээ 122 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тусгаарлан ажиглах байранд 1512 иргэн байна. Өссөн дүнгээр 8111 иргэнийг тусгаарлан ажиглалаа.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд давхардсан тоогоор хийсэн лабораторийн шинжилгээ 17.341 байна. Үүнд эрсдэлт зорилтот бүлгүүд болох тусгай үүргийн онгоц, хилийн боомтууд дээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын ажилтнууд, архаг хууч өвчтэй, уушгины эмгэгтэй хүмүүст санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ хийж байна.

Гэрийн тусгаарлалтад нийслэлд нийт 399 хүн байна. Үүнээс гадна Дорнод, Өмнөговь, Дархан, Орхон, Сэлэнгэ, Баян-Өлгий зэрэг аймгуудад гэрийн тусгаарлалтад иргэд бий.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Түргэн тусламжийн үйлчилгээнд хоногтоо 1.885 дуудлага ирж байна.

Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд нийтдээ 11 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан. Үүнд 4253 зорчигчид танадалт хийсэн.

ХӨСҮТ-д батлагдсан оноштой хүмүүс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна.  

Эмнэлгийн хүрэлцээ, оношлуур хангалттай байгаа" гэлээ.