Д.Нямхүү: ОХУ-ын жолоочоос халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 7.0 сая хүн халдвар авч, 405.000 гаруй хүн нас баржээ. Найман хоногийн өмнө халдвар авсан хүний тоо 6 саяд хүрсэн талаар мэдээлж байсан бол 7 саяд хүрлээ. Тэр дундаа АНУ, Өмнөд Африк, Ойрх дорнод, Зүүн Өмнөд Азийн орнуудад халдвар эрчтэй нэмэгдэж байна.

Сүүлийн 24 цагт 112.000 хүн шинээр халдвар авч, 3.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 4.000, нас баралт 1.000 гаруйгаар буурсан үзүүлэлт юм.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 8.984 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад 52-179 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Эрхүүд хамгийн өндөр буюу 179 хүнээр өвчлөл нэмэгджээ. Тувад 118 хүн өвчилж, нийт 1607 болж 4 хүн нас барсан байна.

Иймээс хил залгаа Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймгийн иргэд онцгой анхааралтай байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг дагахыг сануулж байна.

Манай улсад 1224 хүн ажиглалтад байна. 1 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн.

Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд 1622 хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

24 цагийн 119 дугаарын утсанд 170 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар АНУ-аас 1 хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан" гэлээ

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.06.07-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 46 хүний шинжилгээ хийлээ. Үүнээс 45-д халдвар илрээгүй. Үүнд

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.

Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолоочид шинжилгээ хийхэд 1 жолоочоос халдвар илэрлээ. Энэ хүн ОХУ-ын иргэн, 30 настай. Нийт батлагдсан тохиолдол 194. Үүнээс 75 хүн эдгэрч гарсан. Эмчилгээнд 119 хүн байна. 103 хүн хөнгөн, хүндэвтэр 16 хүн байна" гэлээ.

buzznews.mn