Д.Нямхүү: 7 оюутнаас халдвар илэрч, нийт тохиолдол 148 боллоо

ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.  Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 5.6 сая хүн халдвар авч, 251.000 гаруй хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 92.000 хүн шинээр халдвар авч, 3000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 18.000, нас баралт 1.000 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Дэлхийн 20 гаруй улсад коронвирус бүртгэгдээгүй, хяналтдаа авсан гэж үзэж болохоор байна. Гэхдээ зарим оронд нэг, хоёр тохиолдол бүртгэгдэх хандлага ажиглагдаж байна.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 8.900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад 54-112 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Тэр дундаа Эрхүү хотод өвчлөл сүүлийн 2-3 хоногт эрчтэй нэмэгдэж байна. Иймээс иргэд тайвширч болохгүй. Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймгийн иргэд онцгой анхааралтай байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг дагахыг сануулж байна.

Манай улсын хувьд 179 хүн ажиглалтад шинээ орж, 36 хүн ажиглалтаас гарч, гэрийн хяналтад шилжээ. Одоогоор 1.262 хүн аижглалтад байна.

Өнөөдөр Алтанбулагийн боомтоор 340 гаруй иргэн ирсэн. Үүний 40 гаруй нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан.

Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 2.842 хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

24 цагийн 119 дугаарын утсанд 170 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар гадаадаас 5 хүн холбогдожмэдээлэл, зөвлөгөө авсан" гэлээ

Хурлын үеэр хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.05.26-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 248 хүний шинжилгээ хийлээ. Үүний 241-д нь халдвар илрээгүй. Үүнд

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүн
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 171 хүн
  • Танадалтын зорилгоор цуглуулсан 8 сорьц
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 17 жолооч
  • Орхон аймагт тусгаарлагдсан 46 хүний давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.  

Харин 7 хүнд коронавирус илэрлээ. 2020.05.26-нд Моксва-Улаанбаатарын онгоцоор ирсэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан 6 хүнээс халдвар илэрсэн. Бүгд оюутан. Мөн 2020.05.13-нд ОХУ-аас цэргийн онгоцоор ирсэн оюутны давтан шинжилгээнд халдвар илэрлээ. Цэргийн оюутны тухайд 14 дэх хоног дээрээ халдвар илэрлээ.

6 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, сувилалд шилжиж байна. 14 хоногийн эмчилгээ хийгдэн гарч байгаа цэргийн сургуулийн оюутнууд байна.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 148 боллоо. Үүнээс эдгэрсэн 43, эмчилгээнд 105 хүн байна. Биеийн байдлын тухайд хөнгөн 100, хүндэвтэр 5 хүн байна" гэлээ.