COVID-19: Д.Нямхүү: Батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдэж, 140 боллоо

ЭМЯ-наас “Covid-19” халдварын талаарх цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Тус яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1747  иргэн ажиглалтад байгаа бөгөөд 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 166 дуудлага иржээ. Гадаад дахь иргэдэд коронавирусийн халдварын талаарх мэдээлэл зөвлөгөө өгөх  119 аппликэйшнд БНСУ, Белги, ОХУ-аас     нийт  гурван  иргэн холбогджээ. Иргэдийн зүгээс олон нийтийн газарт амны хаалтгүй явж байна гэх гомдол мэдээлэл ирүүлсэн байна. 

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр манай улстай хил залгаа Буриад, Эрхүү хотод халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул залгаа Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий Увс аймгийн иргэд бэлэн байдлаа хангаж амны хаалтаа тогтмол зүүж, гараа тогтмол угааж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. Мөн ДЭМБ-ийн байгууллагаас дэлхий даяар коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа эхэлж байгаа учраас иргэд хамгаалалтаа сайн хийж, амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай байна.

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "Өнөөдөр ХӨСҮТ-өөс 3 хүн эдгэрч гарлаа. Дараагийн сувиллын хяналтын шатанд шилжлээ. 19, 20 настай 2 оюутан эдгэрч гарсан. 53 настай 1 эмэгтэй эдгэрч, дараагийн хяналтад шилжиж байгаа нь энэ.

30-45 хоног эмчлэгдэж байж, дараагийн шатанд шилжиж байна.

  • ХӨСҮТ болон Дарханы лабораторид 87 хүний шинжилгээ хийлээ. Дархан лабораторид 22 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийсэн. Халдвар илрээгүй.
  • ХӨСҮТ-ийн 2 лабораторид давтан шинжилгээг 43 хүнд хийснээс 39-д нь халдвар илрээгүй. Харин 4 хүнд коронавирус илэрлээ. Үүнд
  • ХӨСҮТ-т тусгаарлагдан хянагдаж байсан цэргийн ангийн оюутан
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан 1
  • Орхонд тусгаарлагдсан байсан 2 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээр орон нутагт байгаа батлагдсан тохиолдлуудыг ХӨСҮТ-д татан авч эмчлэхээр явсан. Ингээд нийт 140 тохиолдол батлагдлаа. Одоо ХӨСҮТ 116 хүн эмчлэгдэж байна.

Батлагдсан тохиолдлуулын биеийн байдлын тухайд

  • Хөнгөн 1
  • Дунд зэрэг 91
  • Хүндэвтэр 21 хүн байна.