Д.Нямхүү: Коронавирусийн 19 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

Өчигдөр ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржиж, охинтой болсон. Энэ ээж хоёр удаагийн хяналтын шинжилгээ хийхэд сөрөг гарсан байсан бөгөөд ажиглалтад байсан. Түүнчлэн ХӨСҮТ-ийн лабораторид 375 хүн шинжилгээ хийхэд 25 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д ажиглалтад байсан нэг иргэний давтан шинжилгээгээр нэг иргэнээс коронавирус илэрсэн. Мөн өчигдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирсэн. Тэдгээр оюутнуудын 18-аас нь коронавирус илэрлээ. Одоо ХӨСҮТ-д 132  хүн хяналтанд байна" гэсэн юм. Мөн тэрбээр "Бид онгоцонд суухын өмнө шинжилгээ хийхийг шаардаж байгаа. Гэхдээ зарим нь шинжилгээ хийлгэж чадахгүй байна. Тиймээс хүндрэл учирч байгаа. 21 хоног ажиглах нь маш зөв гэж харагдлаа. Эхний шинжилгээ авснаас хойш 14 хоногийн дараа вирус илэрч байгаа нь харагдлаа. ХӨСҮТ-т 132 хүн хяналтад байна. Хоёр хүн эдгээд, эмнэлгээс гарахад бараг бэлэн болсон. Нэг л шинжилгээнээс вирус илрээд байгаа юм" гэсэн.    

Түүнчлэн өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд  ажиглалтад 1286 хүнийг 62 эмч, ажилтан эмчилж байна. Эрүүл мэндийн яамны 24:00 цагийн 119 шуурхай утсанд нийт  393 дуудлага иржээ. Гадаадаас  нийт 58 дуудлага долоон улсаас ирж 16 хүн  коронавирусийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан байна.  Мөн орон нутгийн вагоноор зорчигчдоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна.  мөн орон нутгийн 14 галт тэргэнд явсан 3754 хүн тандалтын судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.