Д.Нарангэрэл: Эмнэлгийн орны ачаалал нэмэгдэх, Эрүүл мэндийн байгууллагын чадавхи хүрэлцэхгүй байх магадлал байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 215 улс, бүс нутагт бүртгэгдээд байна.  Шинээр Тажкистан, Комерын аралд өвчлөл бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 3.2 сая хүн халдвар авч, 233.000 гаруй хүн нас баржээ. 2.0 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Тажкистан улсад 4 сар гаруйн хугацаанд өвчлөл бүртгэгдээгүй байсан. Гэвч 15 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Солонгос улсаас үүргийн онгоцоор 278 хүн эх орондоо ирсэн. Шинээр 289 хүн тусгаарлалтад орж, одоогоор нийт 776 хүн тусгаарлалтад байна. Ирсэн хүмүүсээс

  • Өндөр настан болон асран хамгаалагчтай 29
  • Эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43
  • Жирэмсэн болон асран хамгаалагчтай 13
  • Оюутан 41
  • Хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 5
  • Бага насны хүүхэдтэй болон гэр бүл 95
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 52 хүн байна.

Өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарах учраас тугаарлалтад 21 хоног байлгана. Одоогоор тусгаарлагдсан хүмүүсийн биеийн байдал хэвийн байна.

ДЭМБ , эрдэмтэн судлаачдын анхааруулж байгаа зүйл нь өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байгаа ийм орноос ирсэн зорчигчид өндөр эрсдэлтэй бүлэгт орж байгаа. Хэдийгээр тэднийг тусгаарлаж, хяналтад байгаа ч цаашдаа хүмүүсийн дунд каластераар өвчлөл тархах эрсдэл их байна. Тэр дундаа Ази тив, АНУ, Европын олон оронд гаднаас зөөвөрлөгдөн  орж ирсэн тохиолдлууд цаашдаа хүн амын дунд каластер хэлбэрээр өвчлөл тархсан олон тохиолдол бий. Иймээс эл асуудалд анхааралтай хандахгүй бол болохгүй. Цаашдаа 2 үүргийн онгоц авна. Энэ бүх хүнийг эрүүл мэндийн хяналтад байлгахгүй бол нийт хүмүүст эрсдэл үүсгэх эрсдэлтэйг олон улс харуулж байна.

Эмнэлгийн орны ачаалал нэмэгдэх, Эрүүл мэндийн байгууллагын чадавхи хүрэлцэхгүй байх магадлал байна” гэлээ.

119 дугаарт 164 хүн холбогдсон. Гадаад улсаас Солонгос, АНУ, Чех улсад амьдардаг 3 иргэний ар гэр коронавирус халдварын эмнэлзүйн шинж тэмдгийн талаар мэдээлэл авсан байна.

Д.Нямхүү: ХӨСҮТ-д сэжигтэй гэж үзэн 5 хүнийг тусгаарласан

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.04.30-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ болон Дарханы лабораторид 217 хүний шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй.

Үүнд: 

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ
  • Танадалтын зорилгоор цуглуулсан 74 сорьц
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 жолооч
  • Ажиглалтад байгаа 99 хүнний даван шинжилгээнд коронавирус илрээгүй.
  • Өчигдөр эхний чартер нислэгийг хүлээн авсан. ХӨСҮТ-д 5 хүн тусгаарлагдсан. Сэжигтэй тохиолдол гэж үзэж тусгаарласан. Бусад нь ажиглалтын байруудад тусгаарлагдсан.
  • Ажиглалтын байранд байгаа хүмүүсийг хянаж, шинжилгээ авна. Өнөөдөр онгоцоор ирсэн хүмүүсээс эхний сорьц авах ажлыг зохион байгуулна.

Аюул өнгөрөөгүй байна. Дахин 2 онгоц авна. Франкqуртын онгоц бидний тооцоолж байгаагаар их хүнд байх болно гэж тооцож байгаа. Ирэх онгоцууд дээр анхаарлаа хандуулж ажиллах болно.

Дотооддоо дэг журмаа ягштал биелүүлэх хэрэгтэй. Нэгэндээ хатуу шаардлага тавьсанаар эрсдлийг даван туулна” гэлээ.