Д.Нямхүү: Сэжигтэй 20 тохиолдлын 1 хүнээс халдвар илэрлээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 20 хүний 1 коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан 17 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 4 хүн эмчлэгдэн гарсан. 13 хүн эмчилгээ хяналт, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Өчигдөр 232 шинжилгээ хийсэн. Үүнд 1 хүнээс халдвар илэрсэн. Бусад нь сөрөг гарсан.

2020.04.12-нд ОХУ-аас ирж Дархан-Уул аймагт ажиглалтад орсон 74 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Мөн ажиглах байранд байгаа Солонгос улсаас ирсэн 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.

Танадалтын шугамаар авсан 13 хүний шинжилгээний хариунд халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 225 хүн ажиглалтад байна.

Эмчлэгдэж эдгээд гарсан эхний 2 хүн тусгаарлах байранд хянагдаж 14 хоног болсон. Тэр 2 хүнд 2 удаа давтан шинжилгээ хийгээд халдвар илрээгүй. Гэвч ажиглах байрнаас шилжин гэртээ 14 хоног тусгаарлагдан, дахин давтан шинжилгээ хийнэ. Тэдэнтэй холбоотой байж, хяналтад байлгана” гэлээ.

 ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 1.8 сая хүн халдвар авч, 1.3 сая хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна.

Турк, АНУ, Итали, Испани, Их Британи улсад өвчлөл эрчтэй тархсан хэвээр байна. Нас баралтын түвшин Итали улсад хамгийн өндөр 12.8, Их Британид 12.5, Белги улсад 12 хувь болсон байна. Белги улсын нас баралт нэлээд нэмэгдэх хандлагатай байна.

Азийн орнуудын хувьд Япон улс анхаарал татаж байна. Японд 24 цагийн хугацаанд 500 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Ихэнх нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийг дагаж ирсэн ар гэрийнхэн нь халдвар авсан байна. Эмнэлгээс шалтгаалсан халдвар маягаар халдвар тархаж байна. Иймээс эрүүл мэндийн яамнаас 1 сарын 03-наас эхлээд байнга эрүүл мэндийн байгууллагаар аль болох үйлчлүүлэхгүй байх, шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг 24 цагаар ажиллаж байгаа тусгай дугааруудаас авахыг анхааруулж байгаа.

Мөн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай хүнийг дагаж хүүхдээ дагуулан явахгүй байхыг анхааруулсаар байгаа.

ОХУ-д өвчлөл эрчтэй нэмэгдэж байна.  Өнгөрсөн ням гарагт 2186 шинэ тохиолдол бүртгэгдэж 24 хүн нас барсан байна. Улаан-Үдэд 77 хүн өвчилсөнөөс 13 нь бага насны хүүхэд байна. Эрхүү мужид 33 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 2 нь хүүхэд байна. Эрхүү, Улаан-Үдэд бага насны хүүхэд өвдөх магадлал их байгаа учраас анхаарал болгоомжтой байж, манай иргэд бага насны хүүхдээ дагуулж дэлгүүр, олон нийтийн газраар явах, айл хэсэхгүй байхыг анхааруулж байна. Үүнтэй холбоотойгоор Москва хотын ерөнхий эмч 04 сарын 19-нийг дуустал 24 цагийн ажиллагаатай эмнэлэг, гал команд, хууль сахиулах, холбоо тээврээс бусад бүх байгууллагын үйл ажиллагааг зогсоосон.

Ажиллаж байгаа бүх байгууллагуудад ариун цэвэр халдваргүйтлийг сайн хийх зөвлөмж үүргийг өгсөн байна.

04 сарын 11-нд Алтанбулагийн боомтоор 281 зорчигч орж ирж тусгаарлагдсан. Үүнээс Дарханд 11, Сэлэнгэд 2, Улаанбаатарт 169, ХӨСҮТ-20 хүнийг тусгаарласан. Эдгээр хүмүүс 2-3 газар дамжиж ирсэн эрсдэлтэй хүмүүс байгаа. Эдгээр хүнтэй цуг байж байгаад халуурч Улаан-Үдэд үлдсэн 1 иргэний хариу сөрөг гарсан. Гэхдээ энэ хүн Улаан-Үдийн халдварт өвчний төвд хэвтэн эмчлүүлж байна.

Ажиглалтад 1678 хүн байна. Ажиглалтад байгаа 14 хүнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн. 7 жирэмсэн эмэгтэй, зүрхний шигдээстэй 2, бага насны 1 хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Ажиглалтад байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байна” гэлээ.

buzznews.mn