Д.НЯМХҮҮ: Коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар 212 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. АНУ, Итали, Испани, Герман, Турк зэрэг 10 оронд өвчлөл эрчтэй тархаж байна. Сүүлийн үед Япон, ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Тэр дундаа Буриад, Эрхүү хотод өвчлөл нэмэгдэж, тус бүр нэг хүн нас барлаа.

Манай улсад лабораторийн шинжилгээгээр баталгаажсан, зөөвөрлөгдсөн 15 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн эмнэлгээс гарсан. ХӨСҮТ-д 11 хүн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 1484 хүн ажиглалтад байна. Ажиглалтын байрнаас 94 хүн гарч, гэрийн хяналтад шилжсэн.

Тусгаарлалтын байранд 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.  Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна.

ДЭМБ болон Номхон далайн баруун бүсийн удирдлагууд оролцсон цахим хурал болж байна. Цахим хурал дээр сүүлийн үед цар тахал эрчимтэй тархаж байгаа талаар хэлэлцэж байна. Сүүлийн 7 хоногт өвчлөл 2 дахин нэмэгдлээ. Энэ байдлаараа цар тахал удаан хугацаагаар явагдах магадлал өндөр байна. Номхон далайн баруун бүсэд 37 улс хамрагддаг. Бүсийн хувьд цар тахлын хүрээгээр нь улсаа 3 хуваан ангилсан байна.

  • Гаднаас өвчлөл зөөвөрлөгдсөн ирсэн
  • Дотооддоо тархалт эрчимтэй тархсан
  • Хүн амын дунд халдвар өргөн хүрээтэй тархсан гэх байдлаар ангилсан.

Манай улс эхний ангилалд багтаж байна. Бүсийн хувьд цар тахлын эхний давалгаагаа давсан. Гэвч Европын орнуудаас цар тахлын 2 дахь давалгаа ирж байгаа тул бэлэн байдлаа хангах нь чухал юм. Тухайлбал, Хятадад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол өдөрт 50-60 бүртгэгдэж байна. Иймээс шинжилгээг өргөн хүрээтэй хийх, эв нэгдлээ хангах нь чухал. Өвчин эрх мэдэл, улс төрийн байдлаар нь ялгахгүй. Хүн бүр өвдөх эрсдэлтэй. Тиймээс нийтээрээ эв нэгдэлтэй байж, хамтын хүчээр энэ аюулыг даван гарна” гэлээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү 

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан байсан 5 хүний давтан шинжилгээний хариу гарлаа. 1 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр батлагдсан тохиолдол 16 боллоо.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан байгаа 14 хүний давтан шинжилгээний хариу гарлаа. Халдвар илрээгүй. Мөн Истанбул-Улаангбаатарын нислэгээр ирсэн 192 хүн, танадалтын шугамаар авсан 26 хүний давтан шинжилгээний хариу гарсан. Халдвар илрээгүй.

Өчигдрийн байдлаар 237 хүнд шинжилгээ хийсэн.  ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 177 хүн тусгаарлалтад байна.

Илэрсэн хүний тухайд хойд хилээр 03 сарын 26-нд орж ирсэн. Орж ирсэн даруйд нь ганцааранг нь тусгаарласан. 03 сарын 28-нд хийсэн шинжилгээгээр халдвар илрээгүй. Гэтэл өчигдрийн давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Иймээс 21 хоног тусгаарлахаас зайлшгүй. Энэ хугацаанд өөрийгөө хянах нь чухал юм” гэлээ.