Д.Нямхүү: Эмч, эмнэлгийн ажилчдын урамшуулал гэж 100 сая төгрөг хандивласан

Коронавирусийн халдвар авсан нь батлагдсан 2 иргэн эдгэрч, эмнэлгээс гарч байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тэрбээр “Өнөөдөр 2 хүн эдгэрч эмнэлгээс гарч байна. Тэднээс 5 төрлийн шинжилгээг 3 өдөр дараалан авахад халдвар илрээгүй. Иймээс эмнэлгээс гарч, цаашдаа сувилалын  газарт хяналтаа үргэлжлүүлнэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх надтай уулзаж үүрэг өгсөн. Шинжилгээг өргөжүүлж, лабораторийн хүчин чадлыг нэмэхийг үүрэгдсэн.

Солонгосын компаниас 3000, Хятадын Элчин сайдын яамнаас 5000 оношлуурыг манай улсад хандивласан.

Улсын хэмжээнд уушгины хатгаагаар өвдөн хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс санамсаргүй байдлаар түүврийн аргаар хяналтын шинжилгээ авч байгаа. Энэ түүврийн аргыг өргөжүүлэн шинжилгээ авна. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийнх шиг хэмжээний лаборатори ашиглалтад орж, шинжилгээ авч байгаа. Мөн Ховд, Сүхбаатар, Орхон аймагт ийм хэмжээний лабораторийн бэлтгэл ажил хангагдсан. Онцгой байдалд ашиглахад бэлэн болсон гэсэн үг.  

Франц иргэний бие сайн байна. Тус иргэний ажилладаг байгууллага ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалин урамшуулал болгож 100 сая төгрөг хандивласан. Энэ мөнгийг эмч, эмнэлгийн ажилчдад жигд хувааж өгнө. 2020.04.06-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан 6 хүний шинжилгээний хариу гарсан. Халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан 9 хүний давтан шинжилгээний хариунаас халдвар илрээгүй. Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 182 хүн, танадалтын шугамаар авсан 25, нийт  222 хүнд шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 183 хүн ажиглалтад байна.

2020.04.06-нд  ХӨСҮТ-д тусгаарлагдан танадалтад байсан 65 хүн эмнэлгээс гарч, гэрийн хяналтад шилжсэн. Ингэснээр дараагийн онгоцоор ирэх зорчигчдыг хүлээн авах бэлтгэлээ хангаж байна” гэлээ.