Д.Нямхүү: Халдвартай 10 хүний биеийн байдал сайжирч байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 191 оронд халдвар тархсан байна. Шинээр 3 оронд өвчлөл бүртгэгдсэн. Тархалтын байдлаараа Итали тэргүүн эгнээд эрэмбэлэгдэж байгаа бол араас нь Испани, АНУ жагсаж байна. Эдгээр улсын халдварын өвчлөл, нас баралтын индекс өндөр байна. ДЭМБ-аас өгч байгаа зөвлөгөө өдөр бүр өөрчлөгдөж байна. 5 хүн нэг дор байвал бөөгнөрөл гэж үзнэ гэж өчигдөр мэдээлж байсан бол өнөөдрөөс 2 дээш хүнийг бөөгнөрөл гэж үзэхээр болж байна. 2 хүн хоорондоо 2 метрийн зайтай харилцана гэсэн зөвлөмж өгч байна.

Хөл хорионы дэглэмийг ихэнх оронд үргэлжлүүлж, хоногийг уртасгаж байна. Халдварыг тархахад хөдөлгөөний хязгаарлалт, хөл хорио, зайнаас харилцах нь чухал байна. Хүмүүс хоорондоо харилцаж, хүрэлцэх нь энэ өвчнийг тархахад нөлөөлж байнга гэж эрдэмтэд хэлж байна.

Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өчигдөр хуралдсан. Хуралдаанд Эрүүл мэндийн яам 2 асуудал оруулсан. Эхнийх нь ажиглалтад байгаа иргэд гараад гэртээ дахин 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглах санал оруулсан. Өөрийгөө хэрхэн гэртээ тусгаарлан ажиглах талаар Эрүүл мэндийн сайд зөвлөмж гаргасан. Тухайлбал, өвчитнийг эмнэлэгт 3 удаа давтан шинжилгээ хийгээд халдваргүй тохиолдолд ажиглалтад гаргана. Мөн тусгаарлалтад байсан иргэд хэн хэн нь гэртээ дахин 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглах юм. Баримтлах дэглэмийг мөн гаргасан. Гэр утсаа интернэт холбон, байрлал тогтоогчийг байнга асаалттай байлгаж, халуунаа өдөрт 2 удаа үзэж, өрхийн болон дүүргийн эмнэлэгт мэдүүлж байх юм.

Мөн гэр бүлийн гишүүдтэйгээ аль болох ойр байхгүй байх ёстой. Гар утсаа унтраах, интернетэд холбоогүй, гэрээсээ гарвал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ.  

Хоёр дахь асуудал нь тавдугаар сар хүртэл хөрсний бохирдлоос шалтгаалан гэдэсний халдварт өвчин их гардаг. Коронавирус мөн ахуйн халдвараар дамжиж байгаа тул 4 сарын 15-нд хүртэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг улс даяар хийхээр боллоо” гэлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “ДЭМБ-ын сүүлийн мэдээгээр халдварын тохиолдол 292142 бүртгэгдсэн байна. Нас баралт 12784 боллоо. Африкийн бүсийн 4 улсад халдвар шинээр бүртгэгдсэн.

Европын орнуудад өдөрт халдварын 20.000 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 1000 нэмэгдэж байна. Дэлхийн ихэнх орон сургууль, цэцэрлэгийг хаах, нийтийн тээврийг хязгаарлахын зэрэгцээ шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

ДЭМБ-аас батлагдсан тохиолдолд хөнгөн, дунд, хүнд тохиолдлын хавьтлыг тусгаарлах заавар өгч байгаа. ДЭМБ-ын нэрийг ашиглан цахим гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа тул мэйлээ нягтлан шалгахыг анхааруулж байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 24 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Одоо цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна. 2020.03.19 Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 52 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй сайхан мэдээтэй байна. 2020.03.22-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Халдвартай нь тогтоогдсон 10 хүний биеийн байдал дунд зэрэг. Хүнд байсан хоёр хүний бие сайжирч тогтворжиж байна” гэлээ.

эх сурвалж: buzznews.mn