ЭМЯ: Дахин нэг тохиолдол бүртгэгдэж, халдвартай хүний тоо зургаа боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 165 оронд халдвар бүртгэгдээд байна. Их газраас Арлын орнууд руу халдвар шилжлээ. Ингэхдээ ихэвчлэн гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байна. Есропын орнуудад голомтлон тархсан хэвээр байна. Манай оронд зөөвөрлөгдөн орж ирсэн 5 дахь тохиолдол бүртгэгдсэн. Берлин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч халдвар авсан нь батлагдлаа. Түүний ойрын хавьтлын 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Голомтыг цомхотгон барьсан байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас иргэддээ байнга урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөөр байгаа. Цаг агаар дулаарч иргэд хувьцасаа нимгэлсэн байдал ажиглагдаж байна. Даарах нь дархлааг суларуулдаг тул яаран нимгэлэх шаардлагагүй гэж иргэдээд хэлмээр байна. Аль болох дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих нь чухал. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аль болох хоорондоо 1 метрээс доошгүй зайд харилцах зөвлөмжийг өгч байгаа. Манай иргэдийн хувьд нийтийн тээвэрт нэгнийхээ мөрөн дээр гараа тавьж явах нь элбэг. Иймээс зөвлөмжийг дагаж аль болох хоорондоо зайтай харьцаж байхыг анхааруулж байна” гэлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Онгоцоор ирсэн зорчигчдоос өчигдөр халдвартай нэг иргэн бүртгэгдсэн. Иргэд онгоцоороо бөөнөөрөө ирсэн учраас хавьтлын тохиолдлуудыг судалж, хянахад арай амар байна. Сая наашаа гарч ирэхийн өмнө түргэвчилсэн оношлуураар бас нэг иргэн халдвартай гарлаа. Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэн. Энэ иргэний шинжилгээг лабораторийн шинжилгээгээр дахин хийж байна. Өдөр хариу нь гарна. 2020.03.16-ны өдөр тусгаарлагдсан иргэдээс халдварын тохиолдол илрээгүй. 2020.03.17-нд Говь-Алтай аймагтт 1, ХӨСҮТ-1 гэхчлэн нийт 4 тохиолдол шинжилгээ судалгааг хийж байна. Франц иргэний биеийн байдал сайн байгаа. Харин халдвартай нь тогтоогдсон нэг монгол иргэний биеийн байдал сайнгүй байна. Гэхдээ эмчилгээ хийгдэж байна" гэлээ. 

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Өнөөдрөөс эхлээд Белги улсад ирэх тавдугаар сарын 1-н хүртэл хөл хорио тогтоолоо. Энэ хугацаанд иргэд эмнэлэг, хүнсний дэлгүүр, банк орох, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд гэрээсээ гарахыг хориглосон.

Итали улсад халдвар нэлээн эрчимтэй тархаж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар шинэ халдвар 12.6 хувиар нэмэгдлээ. Гэхдээ энэ нь өмнөх өдрүүдтэй нь харьцуулахад бага байгааг мэдээлж байна.

Голомтын цөм болох Ламбордина мужид эрчимт эмчилгээний ор дутагдалтай хэвээр байна. Герман улсад 2000 гарй тохиолдол шинээр бүртгэгдсэн. Нас баралт 9-өөр нэмэгдсэн байна. Тус улсад эрсдлийн үнэлгээ шинээр хийсний үр дүнд эрсдлийн зэргийг өндөр болгож нэмэгдүүлсэн байна. Германы улсын хэмжээнд халдварын улмаас 500 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчүүлж байна. Ойрын өдрүүдэд халдварын тохиолдол 3 дахин нэмэгдэх хандлагатай байгааг мэдэгдсэн. Тус улс иргэдээд өөрийн орны нутаг дэвсгэрээс гарахгүй байх, энэ нь амь насанд нь аюултай талаар анхааруулга өгсөөр байна.

Үүнтэй ижил анхааруулгыг Хятадын Хубай муж иргэдээд өгч байсан. Тус улсад гаднаас зөөвөрлөгдөн ирэх тохиолдол нэлээд өндөр байна. Гадаад улсаас сүүлийн 4 өдөр дараалж зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдол дотоодын шинэ тохиолдлоос давсан үзүүлэлттэй байна. Үүнтэй холбоотойгоор Хятад гадаадаас ирэх зорчигчдод тавих хяналтаа чангатгахыг анхааруулаад байна.

АНУ-д тус улсын бүх мужид халдвар бүртгэгдлээ. Калифорни муж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Ойрын хэд хоног сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээхгүй байхаа мэдэгдсэн байна.

ДЭМБ-ын  мэдээллээр арлын улсуудад халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Мөн  Африкийн улс орнуудад нэмэгдэх хандлагатай байна. Европын орнуудад халдварын тохиолдол 8507-оор нэмаэгдэж, 64189 бүртгэгдсэн. Нас баралт 3108  байна.

Номхон далайн орнуудад халдварын тохиолдол 289-өөр нэмэгдэж 91779 боллоо. Нас баралт 3357 байна” гэлээ.

Эх сурвалж: buzznews.mn