Д.Нарангэрэл: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 11 оронд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 11 оронд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Манай оронд зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдлын ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж дуусаад байна.

ДЭМБ-аас уг өвчний тархалт удаан үргэлжлэх төлөвтэй байгааг мэдээлсэн. Түүнчлэн олон улсын эрдэмтэн судлаачид БНХАУ-тай 4600 гаруй км газар нутгаар хиллэдэг Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй, мөн зөөвөрлөгдөн очсон нэг тохиолдлоос өөр халдвар бүртгэгдээгүй байгаа нь хязгаарлалтуудыг шуурхай авч ажилласны үр дүн гэж дүгнэж байгаагаа хэлсэн" гэлээ.

Мөн тэрбээр иргэдийг амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, хувийн ариун цэврийн сахихыг дахин дахин сануулав. Тэрбээр “Эрүүл мэндийн байгууллага нөгөө л зөвлөмжөө ярьж байна гэж битгий бодоорой. Зөвлөмжийг үл ойшоон, хайхрамжгүй байдал гаргаснаасаа болж дэлхийн улс орнууд халдвар хэрхэн тархаж байгааг та бүхэн харж байгаа байх. Иймээс Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг төвөгшөөлгүйгээр сонсч, харж, хэрэгжүүлэхийг сануулья” гэсэн юм.

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын улс орнуудад хэсэгчилсэн болон бүхэлд нь хорио тогтоох шийдвэрүүд гарлаа. Тухайлбал, Чех улсад халдварын тархалтаас сэргийлэх хүрээнд бүх дэлгүүр, үйлчилгээний газруудыг гуравдугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд хааж, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн болох хүнс, ахуйн хэрэглээний зүйлс, түлш шатахуун, эмийн худалдаа эрхэлдэг газруудыг л ажиллуулах шийдвэр гаргасныг тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна.

Серби улсад Ерөнхийлөгчийнх нь шийдвэрээр онц байдал зарласан байна. Итали, Испани, Франц, Швейцарт халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Ялангуяа, сүүлийн 24 цагийн хугацаанд Швейцарт шинээр бүртгэгдсэн халдварын тоо 800 гаруйгаар нэмэгдэж, гуравдугаар сарын 17-ноос сургуулийн үйл ажиллагааг гурван долоо хоногийн хугацаатай хаах шийдвэр гаргалаа.

АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс холбооны улсын хэмжээнд мөрдөх журмыг гаргалаа. Тус журамд ирэх хоёр сарын туршид 50 болон түүнээс дээш тооны хүн оролцох аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, чухал шаардлагатай бол цахим технологийг ашиглахыг онцолсон байна. 49 муж улсад халдварын тохиолдол гарч байгаатай холбогдуулан муж улс бүр өөр өөрийн онцлогтой шийдвэрийг гаргасаар байгаа. Нью-Йорк хотын захирагчийн шийдвэрээр сургуулийн үйл ажиллагааг зогсоосон тул 1.1 сая хүүхэд гэртээ байх нөхцөл бүрдсэн байна. Мөн эмнэлгүүдэд яаралтай бус мэс заслуудыг цуцалж магадгүй байгааг мэдээлжээ.

Филиппин улсын нийслэл Манила хотод орох гарах бүх хөдөлгөөнийг нэг сарын хугацаатай хааж, тус хотын оршин суугч 12 сая хүн хорио цээрийн дэглэмд амьдарч байна. Африк тивд Кени улсад бүх сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахын зэрэгцээ, халдвар бүртгэгдсэн ямар ч улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгээ зарласан.

Катар улс тус улсыг чиглэсэн ачаа тээвэр болон транзит нислэгээс бусад бүх зорчигч тээврийн нислэгийг 14 хоногийн хугацаатай хориглолоо. БНХАУ-д өнгөрөгч амралтын өдөр халдварын 16 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс 20 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Харин нас баралтын тоо өмнөх өдрөөс 14-өөр нэмэгдэж, нийт нас баралт 3,213 болсон байна" гэлээ.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Нийт 1,697 хүнийг ажиглах байранд тусгаарлан ажигласан. Яг одоогийн байдлаар 945 хүн ажиглалтын байранд эмчийн хяналтад байна. Харин нийт 291 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийсэн.

Өчигдөр ХӨСҮТ-д нэг иргэн тусгаарлагдсан нь Франц улсын иргэдийн хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 9-ны хооронд 7 жуулчинд үйлчилж, Хөвсгөлийн Хатгал руу яваад буцаж ирсэн гэсэн өгүүлэмжтэй тус иргэн нь гүйлгэх, халуурах  зовууртайгаар  тусгаарлагдсан. Шинжилгээ одоогоор хийгдэж байна. Биеийн байдал нь тогтвортой байгаа.

Иргэдэд бид гурван сар зөвлөгөө өгсөөр байхад гадны улс орон руу зорчиж, гадаад иргэдэд үйлчилсэн байгаа учраас иргэдэд бидний өгч буй зөвлөгөө зөвлөмжийг онцгой анхаарах нь зүйтэй гэдгийг хэлмээр байна. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэд дунд Бельги, Швейцар, Герман, Францаар дамжин ирсэн гэр бүлийн иргэд байна. Мөн Вьетнам, Эрхүү, Улаан-Үдээр орж ирсэн хүн бий. Мөн Сөүл, Филиппин, Хонг-Конг, Тайланд, Эрхүү, Улаан-Үд гээд маш олон улсаар дамжиж иргэд ирсээр байна.

Өчигдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 244 иргэн ирсэн. ХӨСҮТ-д Дэгү, Бусаны чиглэлээс ирсэн 10 иргэнийг тусгаарласан.  Цэргийн төв эмнэлэг дээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай буюу жирэмсэн, хэвтрийн, тэргэнцэртэй, нярай зэрэг нийт 51 хүнийг байрлуулсан. Харин Энх саран сувилалд 184 иргэнийг тусгаарлан ажиглаж байна.

Өнөөдөр өглөө Берлин- Москва чиглэлийн онгоцоор 231 хүн ирснээс бөөрний эмчилгээ шаардлагатай иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан бол өндөр эрсдэлтэй газраас ирсэн, халуурсан өгүүлэмжтэй нийт 17 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

Ямар нэг зовуурьгүй, шинж тэмдэггүй байгаа иргэдийг Амар зочид буудалд тусгаарлахаар бэлтгэсэн. Өнөөдөр орой Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц бууна. Урьдчилсан байдлаар тус онгоцонд 270 иргэн ирнэ гэсэн мэдээлэл байгаа бөгөөд үүнээс 56 иргэнд эмнэлгийн тусламжийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатарын онгоцоор франц иргэнтэй хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Энэ бол маш сайн мэдээ. Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 иргэний шинжилгээнд коронавирус илрээгүй. 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгий аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглалтад авч ажиллаж байна. Баян-Өлгий аймгаас сорьц ирж байгаа.

Гол газраас ирсэн гээд өчигдөр 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээ хийгдэж байгаа. Бусад хүмүүсийг эмнэлгүүдэд хуваарилан ажиглалтад авсан" гэлээ.

эх сурвалж: www.buzznews.mn/