COVID-19: Эрсдэл бүлэгт 40-дээш насныхан хамрагдаж байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сүүлийн 24 цагийн дотор 117 оронд өвчлөл бүртгэгдсэн талаар онцлов. Тэрбээр “Иран, Испан, Швейцарьт өвчлөл эрчтэй тархаж байна. Өнөөдрийн 00.25 цагт ДЭМБ-аас коронавирусийн халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал болсныг зарласан. Цар тахал гэдэг нь ямар нэгэн халдварт өвчин өргөн хүрээтэй, олон нийтийг хамрахыг хэлнэ. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд дэлхий дахин 4 удаагийн цар тахалтай учирсан. Ихэвчлэн томуугийн тахал байсан.  2009 онд буюу 10 жилийн өмнө томуугийн цар тахал дэлхий нийтийг хамарч байсан.

Энэ удаад өвчлөлийн байдал нэлээн ноцтой болох хандлагатай байгаа учраас цар тахал болсныг ДЭМБ-аас зарласан. Гэхдээ өмнөхүүдээс ялгаатай нь энэ удаагийн цар тахлыг хяналтандаа авч болно гэдгийг БНХАУ-аас харж болно. Иймээс цар тахал хэмээн зарлалаа гээд иргэд маань айдас түгшүүрт автаж болохгүй. Ингэж зарласнаараа дэлхийн улс орнууд энэ өвчний эсрэг тэмцэж байна гэсэн үг. Хүний амь нас эрүүл мэнд эрсддэг учраас эрүүл мэндийн байгууллага толгойлон ажиллана. Иймээс та бүхэндээ хэлэхэд, хэтэрхий айж чандрах шаардлагагүй. Халдварыг эрт илрүүлэх, оношлох, эмчилгээ хийх, тархалыг таслан зогсоох, хянах нь чухал юм.

Эрүүл мэндийн яам хоёр сар гаруй хугацаанд энэ бэлэн байдлаа хангаж ажиллаж байсан. Тиймээс хэтэрхий их айдаст автаж, дархлаагаа унагаж болохгүй. Цуу ярианд итгэх болон тарааж болохгүй гэдгийг сануулья. Эрүүл мэндийн салбарын авч байгаа арга хэмжээг мушгин гуйвуулж хэт мэдэмхийрэх шаардлагагүй. Цаг үеийн байдлаас болж зөвлөгөө мэдээлэл өөрчлөгдөж байна. Тухайлбал, коронавирусийн халдвар 60-аас дээш насныханд эрсдэлтэй байсан бол 40-дээш насныхан эрсдэлтэй байдалд ороод байна” гэлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “ДЭМБ-ын гуравдугаар сарын 11-ны мэдээллээр дэлхийн 117 улсад COVID-19 халдварын нийт 118,326 тохиолдол бүртгэгдэж, 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 280 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4,292 болжээ. БНХАУ-д 31 Иранд 354 нас баралт бүртгэгдлээ.

Мөн БНСУ-д 22 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 60 хүн нас барсан. Италид 977  тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 10,149 боллоо. 

Сүүлийн хоёр долоо хоногт БНХАУ-аас бусад улсад бүртгэгдэж буй халдвар 13 хувиар нэмэгдэж, халдвар гарч буй улсуудын тоо гурав дахин нэмэгдлээ.

Ирэх долоо хоногт тохиолдол нас баралтын тоо улам нэмэгдэнэ гэж үзэж байна. Зарим улс орон халдварыг хязгаарлах арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байгаагаа ДЭМБ-аас мэдэгдсэн. Иймээс ДЭМБ-аас улс орныг шийдэмгий бөгөөд яаралтай арга хэмжээ авахыг сануулсаар байгаа” гэлээ.  

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “АНУ-д 24 мужид онц байдал зарласан. Ёвропоос орох гарах хөдөлгөөнийг нэг сарын хугацаанд зогсоох шийдвэр гаргасан байна. Бараа, тээврээс бусад бүх зорчих хөдөогөөнийг хязгаарлалаа. Өнөөдөр АНУ-д шинэ коронавирусийн халдварын 1,281 тохиолдол бүртгэгдэж, 37 өвчтөн нас бараад байна.

Европ тивд халдвар тархаж байгаатай холбоотой Германы авиа компани 23 мянга гаруй нислэгээ цуцаллаа. Үүнд Европ, Ази, Ойрх Дорнодын чиглэлийн нислэгүүд хамрагдаж байна. Цаашид ч нислэгүүдээ цуцалж магадгүй гэдгээ мэдэгджээ. Хятад, Солонгос улсад халдварын тархалт буурч байгаа ч зорчигчдод тавих хяналтыг чангатгахаар болсон байна. Тухайлбал, Хятад улсад өнгөрсөн долоон хоногт шинээр бүртгэгдсэн 6 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Иймээс Бээжинд амьдардаг гадаадын иргэд гэртээ аль эсвэл тусгайлан бэлтгэсэн байруудад 14 хоног өөрийгөө тусгаарлан, хянах шийдвэрийг гаргажээ. Мөн богино хугацаанд Бээжин хотоор дамжин өнгөрөх иргэд тусгайлан нэр заасан зочид буудалд байрлаж, буудлаасаа гарахгүй байхыг анхааруулсан байна. Мөн энэ ажлаа үр дүнтэй болгохын тулд нисэх буудлаас зочид буудалд авчрах тээврийг хүртэл цогцоор нь шийдвэрлэсэн байна. Гадаадын зорчигчдыг ялгалгүйгээр бүгдэд дээрх шийдвэр хамааралтай гэнэ. Итали улсад сургууль, цэцэрлэгийг бүрэн хааж, хөл хорио тогтоосон. Зарим улс орон өмнө нь олгосон визээ цуцлах хүртэл арга хэмжээ авч байна” гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сараас хойш 1248 хүнийг тусгаарлан, ажиглалтад аваад байна. Өнөөдрийн байдлаар цэргийн госпитальд 65, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 8, Жаргалантын аманд тусгаарлагдсан 23 хүнийг ажиглалтаас гаргахаар болжээ. Тусгаарлалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байгаа. Мөн тусгаарлалтад байгаа иргэдэд шаардлагатай нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, заавар зөвлөгөөг өгч байна. Тухайлбал, эЭмэгтэйчүүдийн эмчилгээ үйлчилгээ хэрэгтэй байгаа иргэдэд мэргэжлийнх эмч нараас зөвлөгөө өгч ажилласан. Архаг, хууч өвчтэй хүмүүст хоолны дэглэм барихад нь дэмжлэг үзүүлж, тохирсон хоолыг нь бэлдэн өгч байна.

Өчигдөр Ховд аймгийн Булган сумын боомтоор нэг гэр бүлийн 3 хүн орж ирсэн. Тэд Өвөрмонголд айлд очоод хөл хорионд орсон юм билээ. Хөл хорио цуцлагдахад гэртээ ирж байгаа нь тэр. Тэднийг аймгийн боомт дээрх 2 өрөө байранд тусгаарлан ажиглаж байна. Биеийн байдал нь ямар нэгэн өөрчлөлтгүй байгаа.

ХӨСҮТ-д байгаа Франц иргэний бие хүнд байгаа. Гэхдээ ямар нэгэн гомдол гаргасан зүйл байхгүй, заавар зөвлөгөө даган эмчлүүлж байгаа.  Хятадын Ухань хотод ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдтэй өнөөдөр цахим хурал хийхээр болсон. Бэлтгэл ажил хангагдсан.  Тусгай үүргийн онгоцоор иргэдээ авчрах асуудалд Засгийн газрын түвшинд ажиллаж байгаа” гэлээ.