Франц иргэнтэй 1 хавьталд орсон иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Франц улсын иргэн энэ сарын 2-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирж, 14 хоног тусгаарлагдах байсан ч зөвлөмжийг үл хайхран гадуур гарч, тэр бүү хэл орон нутаг руу зорчсон нь бий. Францийн иргэнээс COVID 19 халдвар илэрсэн бөгөөд түүнийг өчигдөр  Дорноговь аймгаас ХӨСҮТ-д авчирч эмчилж байгаа билээ.

Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан гээд нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоон 126 хүнийг тусгаарлаж шинжилгээ аваад байгаа юм. Өчигдрийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх багийнхан тэргүүтэй 23 хүний шинжилгээний хариу сөрөг гарсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Тэгвэл бусад иргэдийн шинжилгээний хариу ч мөн сөрөг буюу халдваргүй гарчээ. Гэхдээ одоо давтан шинжилгээ авч баталгаажуулах учиртай. Тэгж байж халдвар авсан Францийн иргэнтэй 1 хавьталд орсон иргэд халдвар аваагүйг нотлох юм. Мөн нэг онгоцоор ирсэн ойрын хавьтлын гэж үзэж байсан Оюутолгойн гурван ажилтны шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан байна.

Бусдыг гадуурхаж, нүд үзүүрлэхээсээ урьтаж, халдвар авсан Франц улсын иргэнийг эмчлэх нь чухал болохыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцолсон билээ.

buzznews.mn