Энэ сарын 2-нд манай улсад ирсэн Францын иргэнээс КОРОНАВИРУС илэрлээ

Манай улсад коронавирусийн анхны тохиолдол өчигдөр шөнө Дорноговь аймагт бүртгэгдлээ. Тодруулбал, халдвар авсан Францын иргэн нь “Бадрах энержи” компанид ажилладаг бөгөөд  2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцоор манай улсад иржээ. Мөн ирэх үед нь коронавирусийн шинжилгээ авахад илрээгүй ч өчигдөр энэ өвчний халдвартай болох нь тодорхой болсон байна. Түүнчлэн түүнийг Монголд буухад нь 14 хоног ажиглалтад байх, буудаллаж байсан Баянгол зочид буудалдаа өөрийгөө сайн дураараа тусгаарлахыг үүрэг болгосон юм байна. Харамсалтай тэрбээр "Ариг", "КФС", "Веранда" зэрэг рестораноор үйлчлүүлээд зогсохгүй, Дорноговь руу явж өөрийн ажилладаг компанийн ажилчидтайгаа хуралджээ. Одоогоор түүнтэй хавтагч Аэрофлотын нислэгээр 120 хүн хамт ирсэн бөгөөд тэрбээр манай улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй, Францад 10 гаруй хоночихоод ирсэн ажээ.

Түүнчлэн яг энэ асуудалтай холбоотойгоор өнөөдөр 06.00 цагаас Шадар сайдын өрөөнд Улсын Онцгой комиссын шуурхай хурал зарласан бөгөөд онгоц, зочид буудал, галт тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсан иргэдийг олж тогтоож байна. Мөн хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг ирэх долоо хоногийн даваа гаригийн 07.00 цаг хүртэл хаалаа. 

Түүнчлэн Улсын онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өгсөн. Тэрбээр "Гуравдугаар сарын 02-нд Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн. Урьдчилсан байдлаар, бид тухайн иргэнийг коронавирусийн халдвартай байна гэж үзэж байгаа. Давтан шинжилгээ хийж, баталгаажуулна" гэсэн юм. 

Албаныхны мэдээлснээр одоогийн байдлаар тухайн иргэн нь Дорноговь аймагт  42 хүн хүнтэй уулзсан бөгөөд ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэх үүргийг УОК-оос өглөө. Ойрын хавьтлын хүмүүсийг олж илрүүлэх ажлыг тусгай хүчний байгууллага хариуцах аж. Мөн яг одоо халдвартай иргэний эхэлж очсон газрыг хамгаалалтад авах, ариутгах ажлыг зохион байгуулсан бөгөөд ХӨСҮТ-ийн баг яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээр Дорноговь аймаг руу өглөө 04.00 цагт гарчээ.