COVID19: Дэлхийн 105 оронд тархаж, Иранд ганц хоногт 133 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд  сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар дэлхийн 6 оронд нэмж бүртгэгдсэн бөгөөд ингэснээр нийт 105 улсад халдвар тархсаныг онцлов.  Шинэ тохиолдлуудын 60 хувь нь халдвар гарсан улс оронд зорчсон аялснаас үүдсэн байна. Иймээс өвчлөл гарсан улс орон руу зорчихгүй байхыг дахин дахин санууллаа.

Халдварын 17 тохиолдол бүртгэгдээд байсан Вьетнам улсад Лондонд аялаад ирсэн 30 хүн нэг дор онгоцонд халдвар авсан нь тогтоогджээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Энэ сарын 8-ны өдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 105 улсад бүртгэгдэж, тохиолдлын тоо 105,586 боллоо. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 98 хүн нас барсан. Нэг өдөрт 1,000-аас дээш халдвар бүртгэгдсэнээр Иран, Итали улс анхаарал татаж байна. Иранд 1,076 тохиолдол шинээр бүртгэгдэж, нас баралтын тоо 49-өөр нэмэгдсэн. 24 цагийн хугацаанд Италид халдвар 25 хувиар өссөн. Европын хамгийн том дэгдэлт энэ улсад явагдаж байгаа юм. Тиймээс 16 сая хүнийг хамарсан хөл хорио тогтоолоо. Харин Өмнөд Солонгост дэгдэлт буурах хандлага ажиглагдаж байна. 367 тохиолдол нэмэгдэж, 19 мянга гаруй хүн шинжилгээний хариугаа хүлээж байна. Эмчилгээнд шаардлагатай хиймэл амьсгалын аппарат, хүчилтөрөгч хангамжийн систем зэрэг 20 гаруй төрлийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан бөгөөд үүнээс Эрүүл мэндийн яам худалдан авалтыг хийж байгаа. Зарим улсад эмчилгээний тоног төхөөрөмж хомсдож байна" гэлээ. 

Харин Номхон далайн баруун эрэгт байгаа Grand princess далайн аяллын хөлөг онгоцыг Калифорни мужийн Оакланд хотын боомтод зогсоох шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргасан аж.  Уг онгоцон дээр байгаа Калифорни мужийн оршин суугчдыг боомтын ойролцоох агаарын цэргийн баазад тусгаарлахаар болсон байна. Тус мужийн 1,000 гаруй оршин суугч байгааг мэдээлсэн. Бусад мужийн иргэдийг Техас, Жеоржиа мужийн агаарын цэргийн баазад тусгаарлахаар болсон байна. Харин гадаад улсын иргэдийг эх оронд нь буцааж, хөлгийн багийнхныг онгоцон дээр нь тусгаарлахаар болжээ.

АНУ-д халдвар авсан нийт хүний тоо 550-д хүрээд байгаа. Нийт 34 муж улсад халдвар гарснаас найман мужид онц байдал зарласан бөгөөд нийтдээ 21 нас баралт бүртгэгджээ. Итали улсад сүүлийн нэг өдрийн дотор 133 хүн нас барж, нийт нас баралт 366-д хүрсэн. Шинэ халдварын тоо 25 хувиар өсөж, 7,375-д хүрсэн гэсэн мэдээлэл байна. БНСУ-д 248 шинэ халдвар бүртгэгдсэний 190 нь Дэгү хотод, 26 нь хойд Гёнсан хотод бүртгэгдсэн бол Сөүл болон бусад хотод 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

 Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өчигдөр Улсын Онцгой комисс хуралдаж, тодорхой шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, иргэн өөрийгөө хэрхэн тусгаарлах талаар өмнө нь зөвлөмж гаргадаг байсан бол одооноос журам болгон гаргаж, Шадар сайдаар батлуулан хэрэгжүүлэхээр болоод байна. Ингэснээр иргэний хариуцлагыг тодотгож, журмыг зөрчвөл хуулийн ямар хариуцлага хүлээхийг оруулж өгнө.

Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан 4.2 тэрбум, Азийн хөгжлийн банкны санхүүжилт 4.2 тэрбум төгрөгөөр шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч дууссанаар эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлсэн.  Өнөөдрийг хүртэл нийт 916 иргэнийг ажиглалтад авч хянасан бөгөөд одоогоор 500 иргэн ажиглалтад байна. ХӨСҮТ-д хяналтад орж, шинжилгээнд хамрагдсан 262 иргэн байна. Өнөөдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 22 зорчигчоос сэжигтэй болон ажиглалтад авсан тохиолдол байхгүй. Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 82 иргэн ирснээс Япон улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Москва-Улаанбаатарын онгоцоор 96 зорчигч ирсэн. Үүнээс сэжигтэй тохиолдол зургаан хүнийг ХӨСҮТ-д, голомтоос ирсэн 6 хүнийг ажиглалтад авсан" гэлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү танилцуулав. Тэрбээр "Гуравдугаар сарын 7-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй. Олон улсын хуралд оролцоод ирсэн Ремакс компанийн 16 хүн гуравдугаар сарын 7-нд ажиглалтад орсон. Эхний шинжилгээгээр тэднээс коронавирус илрээгүй. Эдгээр хүнийг үргэлжлүүлэн тусгаарлаж, ажиглалт хяналтыг хийж байна. Гуравдугаар сарын 8-нд хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Нэг нь ХӨСҮТ-д, нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдлаа. Онгоцоор аль ч чиглэлд нисэх нь халдвар авах өндөр эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Учир нь агаарын солилцоо байхгүй, нэгэнтэйгээ ойр суудаг" гэлээ.

http://www.buzznews.mn/