О.Ариунтуяа: Дэлхийн улс орнуудад илэрсэн тохиолдлууд БНХАУ-аас ес дахин их байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 73 оронд өвчин нэмэгдэж бүртгэгдсэн. Солонгос, Япон улс зэрэг улсад тархалт өндөр хэвээр байна. Дэлхийн олон улсад сэргийлэх арга хэмжээг шат дараатай авч байна. Хэсэгчилсэн хөл хорио тогтоож, иргэд гараа тогтмол угааж, маск зүүснээр коронавирусаас гадна халдварт өвчин буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, сүрьеэ өвчин 69 тохиолдлоор, гэдэсний суулгац өвчин 1.9 хувиар, эмнэлгийн орны ачаалал хоёр хувиар буурсан байна. Энэ нь амны хаалт зүүж, гараа тогтмол угаасны үр дүн" гэлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 2-ны ДЭМБ-ын мэдээгээр 24 цагийн дотор дэлхийн 64 улсад COVID-19 халдварын 1,804 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 88,948 тохиолдол болжээ. Үүнээс 66 нас баралт бүртгэгдэж, нийт нас баралтын тоо 3,043 болсон байна. Сүүлийн 24 цагт Хятад улсад 206 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн хугацаан дахь хамгийн бага тохиолдол болж байна. Хятадад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 25 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Тэрхүү багийн ажилласан дүгнэлтэд Хятад улс доод  талд нь 5 хүний бүрэлдэхүүнтэй 1800 гаруй багийг ажиллуулж, хэдэн арван хандалтын судалгаа хийсэн, хэдэн мянгаар нь эмч ажилчдыг муж руу илгээсэн талаар онцолсон байсан. Сар гаруйн хугацаанд иргэдээ гэрийн хорионд оруулж, иргэд нь хүлээцтэй хандаж, зөвлөмжийг дагасан.

Тус багийн хийсэн судалгаагаар хөнгөн өвчтөн дунджаар хоёр долоо хоног, хүнд өвчтөнүүд 3-6 долоо хоногийн хугацаа эдгэртэл шаардагдаж байжээ. Түүнчлэн шинж тэмдэг эхлээд нэг долоо хоногийн дотор хүндэрсэн бөгөөд 2-8 долоо хоногийн дараа нас барсан гэсэн мэдээ байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал гэж хараахан зарлаагүй ч сүүлийн 24 цагийн дотор дэлхийн улс орнуудад илэрсэн тохиолдлууд БНХАУ-аас ес дахин их байна.  Солонгос, Япон, Итали, Иран гэх мэт улс анхаарал татаж байгаа бөгөөд Иранд 4 хүн нас барсан бол Италид халдвар авсан хүний тоо 2,000 давж, нас баралт 18 тохиолдлоор нэмэгджээ. Харин БНСУ-д өнөөдөр 09:00 цагийн байдлаар 4,812 тохиолдолд хүрч 28 хүн нас барсан байна.

БНХАУ-аас бусад улсад гарч байгаа тохиолдлын 81 хувь нь дээрх дөрвөн улсад голомтлон гарч байгаа бол 130 улсад халдвар илрээгүй байна.

СOVID-19-ийн халдвар бусад амьсгалын замын халдвартай харьцуулахад маш хурдтай тархаж байгаа хэдий ч зөв арга хэмжээг эрт эхлүүлбэл хязгаарлах боломжтой” гэлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Өчигдрийн мэдээллээс хойш АНУ-д дахин дөрвөн хүн нас барж, нийт зургаан хүн нас барлаа. Нас барсан дөрвөн хүн нь өндөр настай болон хорт хавдартай архаг хууч өвчтэй хүмүүсийг асардаг асрамжийн газарт байсан байна. Тэдгээр иргэдэд тусламж үзүүлсэн 25 алба хаагчийг тусгаарласан. Европ тивийн хувьд Итали, Герман, Франц улсуудад халдварын тоо нэмэгдэж, халдвар голомтлон гарч буй хотуудад сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

Ази тивийн хувьд Сингапурт хоёр шинэ тохиолдол бүртгэгдлээ. Энэтхэгт лабораторийн шинжилгээгээр батлагдсан халдвартай хүний тоо тав болж, халдвар гарсан 12 улсаас ирж байгаа зорчигчдыг эрүүл мэндийн нэмэлт үзлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн.

Ветнам, Иран, Итали зэрэг 12 улсаас эрүүл мэндийн нэмэлт эмчилгээ нэвтрүүлж эхэлсэн мэдээ байна. Гэр бүлийн болон найз нөхдийн хүрээнд тархалт нэмэгдэж байгааг онцлох нь зүйтэй байх. Мөн гадаадад аялаад ирсэн иргэд өвчлөх эрсдэл өндөр байна” гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Дайчилгаанд бэлтгэгдсэн байсан дадлагажигч эмч, анаагахын сургуулийн төгсөх оюутнуудын судалгааг гаргаж, нөөцөд авсан. Тэдгээрээс товчоо, тусгаарлах эмнэлгүүдэд дайчлан ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар 812 хүнийг ажиглалтад авсан. Одоогийн байдлаар 435 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байруудын ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа.

Өнөөдрийн Турк-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 110 зорчигч ирсэн. 7 хүнийг тусгаарлах танадалт хийгдэж байна. Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн зорчигчдыг тусгаарласан байсан.

ДЭМБ-ын зөвлөх баг Монгол Улсад ажиллаж байгаа. Энэ багаас эмнэлзүйн заавар, эрчимт эмчилгээн дээр заавар зөвлөгөө авах, туршлага солилцох тал дээр хамтран ажиллаж байна. Монгол Улсын хувьд бүх эмнэлгүүд дээр халдвараас сэргийлэх баг ажиллаж байдаг. ХӨСҮТ-өөс хяналтын тогтолцоог хянаж ажилладаг. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан хэрэв ямар нэгэн эрсдэл үүсвэл тухайн байгууллагын менежерийг орлох, түүний хоёр, гурав дахь орлон ажиллах хүнийг хянаж байна.

Өвчний голомттой бүс нутгаас ирж байгаа хүнд тодорхой зөвлөгөөг өгч байна. Хэрэв танд ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрвэл 100, 103 дугааруудад хандах хэрэгтэй. Аймаг, дүүргүүдэд эмнэлгийн байгууллагууд руу ханд. Шаардлагатай гэвэл ХӨСҮТ-ийн машин очиж үйлчилгээ үзүүлнэ. Япон, Солонгос улсад хүсэлт тавьж, Монгол Улсын иргэдийг тэнд нь түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, хариу нь сөрөг гарсан иргэдийг явуулахыг хүссэн” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ Нийт 5 тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй. Нийт 100 хүнийг ажиглалтад аваад хянаж байна” гэх мэдээллийг өгсөн юм.