ЭМЯ: Дархан-Уул аймагт тусгаарлагдсан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамнаас дөнгжө сая ээлжит мэдээллээ хийлээ. Тодруулбал, шинэ төрлийн коронавирусийн халдвар, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээллийг өгсөн. Өнөөдрийн хуралд ХӨСҮТ,  Зам тээврийн хөгжлийн яам, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл оролцсон.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Дархан-Уул аймагт тусгаарлагдсан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон. Тодруулбал, хоёрдугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн сэжигтэй эмэгтэйг тусгаарласан. 30 настай эмэгтэй тус эмнэлэгт ханиалгаж, цээж хөндүүрлээд байна гэсэн шинж тэмдэгтэйгээр хандсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан" гэсэн юм.

Түүнчлэн ДЭМБ-ын өчигдөр буюу 2020 хоёрдугаар сарыг 05-ны өдрийн байдлаар коронавирусийн халдварын 24000 тохиолдол бүртгэгдэж, 492 хүн амь насаа алджээ. Харин өнөөдөр 08:00 цагийн байдлаар нийт халдвар авсан хүний тоо 28262 болж, 565 хүн нас барсан байна. Вирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, нас баралт хоёр хувьтай байгаа ажээ.