ЭМЯ: Сэрэмжлүүлсээр байтал өвчлөл гарсан газар луу явах, ирээд халуурах шинж тэмдэг илэрсээр байна

ЭМЯ-наас дөнгөж сая цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд шинэ коронавирусын дэгдэлт эрчимтэй тархаж байна. Манай улс эрсдэл өндөртэй орны тоонд орж байна. Сүүлийн гурав дөрвөн хоногт Эрээн, Замын-Үүд зэрэг хилийн боомтоор орж ирэх монгол ирдгэдийн тоо эрс нэмэгдсэн. Энэ хүмүүс дунд халуурах шинж тэмдэгтэй хүмүүс орж ирсээр байна. Уг нь ДЭМБ-аас нэгдүгээр сарын 03-нд анхны зөвлөмж гаргасны дагуу бидний сургалт сурталчилгаа, мэдээлэл эхэлсэн. Гэтэл манай иргэд сэрэмжлүүлсээр байтал өвчлөл гарсан газар луу явах, ирээд биеийн байдал нь халуурах шинж тэмдэг илэрсэн тохиолдлууд байна. Тухайлбал Дархан-Уул аймагт нэг хүн тусгаарлагдсан. Энэ хүн дэлхий дахинд коронавирус тархсан энэ үед гадаад оронд зорчсон. Иймээс манай иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг анхаармаар байна. Дээрх хүний хувьд өөрийгөө тусгаарлаад эрүүл мэндийн байгууллагад хандсан. Энэ нь манай зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа сайн талтай. Иргэд гадаадын өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх гэсэн зөвлөмжийг маш сайн мөрдөх хэрэгтэй байна. Зорчоод ирсэн тохиолдолд өөрийгөө 14 хоног дотроо ажиглаад, халуурах, суулгах, цээжээр өвдөх, ханиах зэрэг шинж тэмдэг илрэх юм бол маскаа зүүгээд эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагынхан 24 цагийн бэлэн байдалтай ажиллаж байна. Цаашдаа ч улам эрчимжүүлж ажиллана” гэсэн юм. 

Мөн ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа товч мэдээлэл өгсөн. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар нийт 20 мянга 630 хүн бүртгэгдсэнээс 429 хүн нас барсан. Нас баралтын түвшин 2.1 хувьтай, хэвээр байна. Нийт тохиолдлын 90 гаруй хувь нь БНХАУ-д бүртгэгдэж байгаа . Өнөөдрийн байдлаар 23 улсад 159 тохиолдол бүртгэгдээд байна. Коронавирусийн өвчлөл эрэгтэйчүүдэд илүүтэй давамгайлж байна. Харин насны хувьд нийт тохиолдлын 80 гаруй хувь нь 30-70 настай хүмүүс байна. Вирусийн халдварын нууцлалын үе зургаан хоногтой байна. БНХАУ-аас бусад оронд гарч байгаа халдварын тохиолдол дандаа Хубэй мужид аялсан хүмүүсээс илэрч байна. Иймээс халдварын голомттой бүс нутгаар аялсан хүмүүс өөрийгөө 14 хоног бусдаас тусгаарлаж, биеэ ажиглах хэрэгтэй" хэмээн зөвлөсөн. Мөн энэ үеэр Онцгой байдлын албаныхан бэлэн нөхцөл байдалд ажиллаж байгаа гэдгийг албаны хүн тодотгож байсан юм.