Эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэд ЭСЯ болон Консулын газартаа бүртгүүлэх хэрэгтэй

Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдсэн тохиолдол гараагүй байна. БНХАУ-аас гадна 23 улсад халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд тэдгээр улсуудад шинээр бүртгэгдсэн долоон хүн бүгдээрээ БНХАУ-д зорчсон болох нь тогтоогджээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "ДЭМБ-ын Ложистик хангамжийн байгууллага хувийн хамгаалах хувцсын хэрэгцээний тооцоог гаргаж, улс орнуудад нийлүүлж эхлээд байгаа. Манай оронд цөөн тооны буюу ХӨСҮТ-ийн хэрэгцээнд хувийн хамгаалах хувцсыг ирэх долоо хоногт нийлүүлнэ" гэх мэдээллийг өглөө.

Мөн энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаарх мэдээллийг өгсөн юм. Манай улс иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хүрээнд бусад улс дахь ЭСЯ-даараа дамжуулан тасралтгүй ажиллаж байгаа гэнэ. Энэ талаар Л.Мөнхтүшиг "Өнөөдрийн байдлаар БНХАУ-д байгаа ЭСЯ, Консулын газрууд халдварын голомтоос өөр бүсэд байгаа эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. БНХАУ-ын Цагаан сар өнгөрснөөс хойш 5,800 орчим иргэн эх орондоо ирээд байгаа. Өчигдөр Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 100 орчим иргэн ирсэн бол өнөөдрийн байдлаар Эрээнд 150 орчим иргэн ирэх хүсэлтээ гаргаад байна" гэлээ. 

Хоёрдугаар сарын 6-наас эхлэн Хятад улстай хиллэпдэг боомтуудыг хааж, агаарын болон төмөр замаар монгол иргэдээ оруулахаар болсон. Иймээс гадаадад байгаа иргэд ЭСЯ болон Консулын газартаа бүртгүүлэх хэрэгтэйг санууллаа.

Гэхдээ БНХАУ-д үлдэх хүсэлтэй иргэдийг хүчээр татан авчрах боломжгүй гэнэ. Иргэдийн хүсэлт дээр үндэслэн явагдах болно гэдгийг ч тэрбээр тодотгосон.

 Япон улсын халдварт өвчний үндэсний төвөөс Монгол Улсад  өгсөн 200 оношлуурын 100 нь үлдсэн гэнэ. ДЭМБ-аас 3,000 оношлуур авахаар болсны эхний ээлж дараагийн долоо хоногт ирнэ. Мөн хувийн хамгаалах хэрэгсэл ирэхээр болжээ.