ЭМЯ: ХӨСҮТ-д 16 хүнийг тусгаарлан шалгаж байгаа

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.01.31/ коронавирусийн  талаар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд албаныхан Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажлын хэсгийнхэнд тодорхой үүрэг даалгавар өгсөн гэсэн юм. Түүнчлэн өчигдрийн байдлаар 18 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан. Түүнээс зургаа хүн нь эмнэлгээс гарсан. Нэмж дөрвөн хүн ирсэн. Одоо 16 хүн тусгаарлагдан эмчлүүлж байгаа гэсэн юм. 

Хурлын үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч СЕРГЕЙ ДИОРДИЦА "Урд шөнө ДЭМБ-ын Онцгой байдлын хороо хуралдаж, БНХАУ-д коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа учраас бусад оронд учруулах хохирлыг нэмэгдүүлэхгүйн тулд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн зарласан. Өмнө нь БНХАУ-д л тархалт явж байсан бол өнөөдрийн байдлаар Африкаас бусад оронд бүртгэгдээд байна. Сүүлийн үед хүнээс хүнд халдах тохиолдлууд нэмэгдэж байгаа учраас ийн арга хэмжээ авсныг ДЭМБ-ын суурин төлөөлөгч онцоллоо. БНХАУ-аас бусад 18 улсад бүртгэгдээд байгаа халдвар нь нийт халдварын нэг хувийг эзэлж байна. Ихэнх тохиолдол нь Ухань хотод зорчсон тохиолдол байгаа бол зарим оронд хүнээс хүнд халдсан тохиолдол бий. ДЭМБ-ын онцгой байдлын хурлаас одоо байгаа мэдээлэлд үндэслэн аялал, зорчигчдод хязгаар тавихгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт  эрүүл мэндийн тогтолцоо муу орнуудад туслах, вакцин, эм бэлдмэлийг яаралтай бэлтгэх туслалцаа үзүүлэх. Гуравдугаарт ДЭМБ-аас оношлогооны төхөөрөмжийг үйлдвэрлэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Эрүүл мэндийн яам 3000 орчмыг хоёр долоо хоногийн дотор авахаар болсон.  Эцэст нь цуу яриа ташаа мэдээллийг таслан зогсоохонд хэвлэл мэдээлэл чухал. Мөн ард иргэд ариун цэвэр сайн сахих. Халдвар авсан орон руу явах хэрэггүй. Мөн дээрх орнуудаас ирээд шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандаарай" гэсэн юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны нэгдүгээр сарын 30 нд 18 хүн байсан. Эндээс зургаа нь гарсан. 12 хүн үлдсэн. Тэдгээр хүмүүс өнөөдөр гарна. Өнөөдөр дөрвөн хүн эмнэлэгт үзүүлэхээр ирсэн. Сэжигтэй хүний тоо яг одоогоор 16 болоод байна. Бид дээрх хүмүүсийг ямар нислэгээр ирснийг тогтоогоод давхар шалгаж байна. ДЭМБ-аас гаргасан шийдвэрийг хэлсэн. Манайх шуурхай хуралдаж, бэлэн байдлаа баталгаажуулсан. Одоо дөрвөн баг ажиллаж байгаа. Нэмээд дөрвөн баг гээд нийтдээ найман баг ажиллахад бэлэн болсон. Энэ вирсусын шинж тэмдэг нь энгийн ханиадтай  адил. Шинэ вирус нь судлагдаж байна. Мөн ард иргэд маань эрүүл мэндийн лавлахаас хэрэгтэй зүйлээ асуугаарай. 24 цаг ажиллаж байгаа хүмүүсийнхээ ачааллыг битгий нэмээрэй гэх байна" гэсэн юм.